Tuesday, February 26, 2013

JUST A LITTLE BIT DARK

Fausto Gilberti / Фаусто Гилберти

Италийн Брешиад бүтээлээ туурвин, амьдардаг.

Түүний иргэд нь өөр өөрийн түүхтэй, хар цагаан сүлэлдсэн бяцхан гүрнийг танилцуулъя. Маш энгийн атлаа, хараад инээмсэглэхгүй байхын аргагүй эдгээр хүмүүсийн дунд магадгүй бидний сайн мэдэх тэр л дүр зураглалууд, хачин танил уур амьсгал угтах вий. Эдгээр зургууд нь түүний бүтээлийн дунд үед зонхилох сэдэв, арга ажиллагааг хамарч байгаа юм.
/техник : энэтхэг бэх, маркер, цаас, сэтгүүлийн хуудас /











Sunday, February 24, 2013


Нүцгэн биеийг алдаршуулъя гэх нь ч хаашаа юм. Магтан дуулъя гэвэл арай дөхөм..
Ер нь ойроос бурлеск их сонирхоод байгаа. Түүнтэй холбогдуулсан материал оруулах бодолтой байна. Гэхдээ юуны өмнө өөрсдийн хүсэлтээр нүцгэлсэн, тайчуулсан үзэсгэлэнт эмэгтэйчүүдийн биеийн хэсгүүдээс оруулахаар шийдлээ. Энэ зөвхөн эхлэл.. 








* * *

дэлбээнээс унахуйд,
амирласан урсгал,
бүүвэйн дуу
аниатай нүдэнд хавар бүжиж
нарны үнэрт мансуурахуй
бүлээн салхиар дүүрэх сэтгэл
үнэгчлэх өнийн зөн
тэртээх алсад
алсарсан тэртээ
дусал шавхайг үлдээн
дулаахан хөндийд
дэргэд..

Saturday, February 23, 2013

Цэвэрлэгээний цаг эхлэв буюу сэрэхүй

        Үг үйлдэхүйн нууцат ертөнцөд зорчихуйд тэр хоосон аж. Үхэл хийгээд амьдрахуйн олон боломжит хийгээд эс боломжит ертөнцөд өөрийгөө болоод бусдыг хуурахаас өөр нэгээхэн зүйл ч хийсэнгүй. Сэтгэлийнхээ боол нь болж амьдрах уу? гэлээ гэхэд хир удаан ?
ямар азаар мартахуй гэгч оюун санаанд минь аврал болсон зүйл байдаг юм бэ.. ямар азаар..эс болвоос хөлнөөс дүүжлээтэй олон дурсамжийнхаа хоригдол нь болсоор насыг барах аймшигт хувь тохиол хүлээж байх.. МАРТАХЫГ ХҮСЧ БАЙНА, ХҮСЧ БАЙНА!!!

..Тэр хэзээнээс ч юм дурсамжаас ангижрах адын хүсэлд автчихсан. 
Түүнийгээ гүйцүүлдүүлэхээр өөртөө нэгэн дасгал бодож олж. Сэтгэлийн гүнээс дуудах хэн нэгний хоолойг сонсуут л үтэр түргэн тархиныхаа аль нэг эснээс суга татан, тэрхүү дуудагч хоолойтой холбогдох бүхий л дурсамжийг үгүй хийж байна хэмээн төсөөлдөг.
Ойр тойрныхон нь эхлээд анзаараагүй. Түүнийг үг дуугарахыг олон жил хүмүүс сонсоогүй. Тэр өвчтэй гэж үү? үгүй, зүгээр л ярихаас сайн дураараа татгалзчихсан юм. 
Гудамжаар зөрөх танилууд нь эхлээд зэвүйрхсэн байдлаар харьцдаг байв. Удалгүй тэд ч, тэр ч энэ байдалд дасан, хэн ч түүнд дурсамжаа устгахад нь саад хийхээ болив. 
Хэлээр дамжигдах (зөвхөн харилцааны хэл ч бус) үгс бүрээсээ худлын гялааныг олж харчихаж л дээ. 
       Хүмүүсийн хэлдэг амьдралын үнэт дурсамж ч юм уу, чамгүйгээр өөрийгөө төсөөлөхгүй байна, эсхүл би ч өдий наслахдаа юу эсэхийг үзэхэв зэрэг үгсийг дуулмагц л инээдээ барьж дийлдэггүй. Хэн нэгэн ямарваа нэгэн зүйл ярих үестээ өөрийнхөө дутуу мэдрэмжийг гүйцээн жинхнээсээ "хэн нэгэн" байх хормыг амтлах хүсэлтэй байдаг.
Тэгээд дараагийн, дараагийн.. дараагийн мянга нэгэн сонсогч чихнийхээ нүх сүв, сэтгэлийнхээ уг бүрийг нээн, анхааралтай чагнаж, эсхүл чагнуулахыг хүслээ ч ханахгүй. Тэд зогсолтгүй юу ч юм бувтнасаар, өөрийгөө хэрэгтэй хүн гэдгээ ахин дахин "өөртөө" батлах гэж дараагийн сонсогч, ярилцагч, дурсамж бүтээлцэгч болгонд давталт хийнэ.
Гайхалтай хэрэг!
Хамгийн сүүлд нь торж үлдэх зүйл гэвэл гэрэлтэх, бүхнээс харам басхүү бүхэнд дэлгэм, эмээгийн улаан хүрэн авдранд мөнхөрч үлдэх гавяатай дурсамж гэгч тэрхүү цоморлиг байх аж. Яг үнэндээ, чиний хэн байсан, ямар мэдрэмжтэй, ямар дурсамжийн цоморлиг цуглуулагч байсан хэнд ч падлийгүй. Падлийтай мэтээр үзэж байгаа нэгнүүд их сайндаа л мартагдахаас эмээгчид. 
энэ чинь.. би ахиад л хүүрнээд байна уу даа!!??

Бүхий л худал хэлэгчдээс хамгийн адгийн нь бид өөрсдөө!!!

Thursday, February 21, 2013

* * *

хөхөлбөр амисхал
зудруухан уруул
хүчиллэг шүлс
чичирхийлэх үнэр
хуниралдах бошинз
ягаарсан малгай
ховсч хуруунууд
хазуулсан товч
авиа үгүй дуу
залгилах нүд
энэ тэрүүгээр
тэр энүүгээр
энэ тэрүүгээр
тэр энүүгээр..

Sunday, February 17, 2013

Film as dream, film as music..

Ингмар Бергман болон Лив Ульман, 1968.2.14-нд Ингмарын 50-дах төрсөн өдрөөр
гэрийнхээ ойролцоох Ferц-т татуулсан хөрөг / гэрэл зургийг : Гуннар Келлстрем


~Hour of the wolf. зураг авалтын үеэр
Бергман.. зүрхийг минь хөглөж чадсан цорын ганц эр..
анх үзэж байсан болоод ч тэр үү Онгон горхид их хайртай.. ихэнхи киноны эхлэл хэсгээс төгсгөлийг нь төсөөлж болдог. Харин Бергманы хувьд тийм боломж үгүй, тэр бүгдийг орвонгоор нь эргүүлнэ. Тийн эргүүлэхдээ, кинон дахь дүрийн биш үзэгчийн сэтгэл зүйгээр жишим ч үгүй наадна. Хохирогч болж үлдэх үү, эсхүл эмнүүлэх үү гэдэг үзэгчээс л шалтгаална. Тэр ийм л сэтгэл зүйч.

  Түүний бүтээл бүрээс нь үг үгүй яруу найраг, зуурдын атлаа үхэшгүй хайр, бурхны оршихуйг эрэх мөнхийн даяанч дүрүүд, сүүдэрт хувилсан үхэл, эгэл амьдралаас л ургасан шидэт агшнууд, аа басхүү нэг л өдөр хага ярагдах шаналалын хүчтэй тэсрэлтүүд сонсогдоно. Гэлээ гээд Бергманы бүтээлүүд гутранги, уйтгартай гэж хэлэгдэхгүй, тэгэж хэлэгдлээ гэхэд,  дахиад нэг үз! гэж л зөвлөх байна. Учир нь..   Шведийн зуны дурлал, хэзээ ч мандаж, хэзээ ч жаргадаггүй нарны туяанд бүлээцүүлэх киноны тэр л хэсгүүд чихэнд тань
  Jag älskar dig ! хэмээн шивнэнэ.

   

Wednesday, February 13, 2013


I am young
     My ears hears promise!
My mind is power !
                                                                                                  My eyes see dreams !
     My thoughts are high !
And,
My body is strong !
                                                                                                                                 ~ From  Pina Bausch film


Бүжиг..
Зөвхөн бүжихийг л хүснэм.

                   * * *
           




* * *

Мөнхийн анир чимээгүй
Өвсөн дор нойрсож
Гандаж буй эхний дэлбээнд л
Гуниг минь бүхэлдээ шатна
            Хуйлран бүхий салхинд
Үнс минь хийсэх ахуйд
      Үл мэдэг,
      Үл мэдэгхнээр
       Өвсний толгой бөхийнө.

 09 он.
                                              

salhiar damjin hureh ter l..

Saturday, February 9, 2013

сүүлчийн үзэгдэл

1-р хүн : сэтгэлээ өрөвдөх. өр- өвдөх. юу нь мэдэгдэхгүй зовиургүй шаналал эзэмдээд яг тав хонож байна. тав нь тогтож байна. дүүрээд ирмэгц л хоосон зайг хүсэмжлэх аж. эсхүл нөгөөх нь
2-р хүн : юмс эргээд цэгцэндээ ороод  ирвэл бүр бишдэж эхлэж байгаагийн шинж. 
3-р хүн : энэ урвуугаа харсан пирамид биш. өөр зам байдаг бол газарчилж өгөхсөн.
1-р хүн : ..тэр дэнлүүт гудамжаар хэрэн хэссээр нэгэн мухлагийн үүдэнд очиж зогсов. 
2-р хүн : өнөө юу ?
1-р хүн : өнөө.
3-р хүн : Рюйя үхчихсэн. дахин хэрэггүй. 
2-р хүн : галип галип чигээрээ л үлдэнэ. угаасаа ч тийм байсаар ирсэн. сэтгэл зүрхний асуудал нь түүний өөртөө зохиосон тоглоом. гэвч.. Рюйя- тэр бол борооны дараах хачин цэнгэг агаар, тэнгисийн гүнээс цоо ширтэх дуниартсан цэнхэр нүд, аглаг ойн төгөлд туссан нарны хэсэгхэн гялаан, шөнө асгарч эхлэмэгц л эгшиглэдэг цаглашгүй мөнхийн аялгуу, миний нэгэн цагт нэвтрээд ахин хэзээ ч гарч ирээгүй манан..   
1-р хүн : тэр Рюйяг хайрладаг байсан..
3-р хүн : мууранд хүртэл сүнсээ аврах шаардлага гардаг
2-р хүн : салхи хүртэл чихтэй
3-р хүн : мод хүртэл хэвлийтэй
2-р хүн : үнэрэнд живсэн хүн байдаг юм гэнэ лээ..
3-р хүн : одоо сүүлээ хэлээрээ оролдох л үлдэх шив
2-р хүн : үхээд ч нэмэргүй
1-р хүн : гээд яах вэ дээ..
3-р хүн : (хоолойгоо засан) нэгэн цагт энд, яаг ээнд (том том алхалснаа хуруугаараа заана) хөгшин улиасны дор нэгэн хэрээ уйлж суужээ.
2-р хүн : одоо хөгшин улиасны нэгэн мөчир болжээ.
3-р хүн : мөчирт хувирчээ гээч!
2-р хүн : хүн чулуу болжээ.
3-р хүн : өө, дуракников ! тэнэг дагз ! хүн чулуу царайлсан малийсан амьсгаа!
2-р хүн : саатан хүлээх нэгээхэн хором үгүй, санана даа.. чи намайг санана..
3-р хүн : за за, хайртай даа.. хайр-тай..
1-р хүн : цаана чинь реклам. нөгөө од гуайн тэдэн оны анх од болсон цацрагийн хуулийг дахин дахин зарлаж од болгож байна.
2-р хүн : гэж хэлээд л тог тасалчих болтой юм аа,
3-р хүн : өнгөрсөн шөнө би нарыг залгичихсан. бурхад намайг хараасан.
1-р хүн : ..тэгсэн гутал зурааад л байсан нь мань хүн өөрөө байсан санж .. миний нэг чихт ах..
2-р хүн :  маргааш гэдэг үгийг хэн зохиосон юм ?
3-р хүн :  ертөнц дээрх олон солиутнуудын нэг. яагаав, хүзүүндээ миний нэр өчигдөр гэсэн пайз зүүчихсэн Одоо. зүрхэн дэх ачаагаа суллах хэрэгтэй. ер нь бол дэмий юм дэмий ш дээ,
1-р хүн : .. гэсээр үзүүр нь үл үзэгдэх хар цагаан замаар сүүдэртээ ууссаар алхаад явчихлаа..
3-р хүн : хөшиг хаагдлаа.
2-р хүн : хөшиг ярагдлаа.

( төгсгөл хэсгийн симфони  )

Sunday, February 3, 2013

эр ч биш, эм ч биш


эр ч биш, эм ч биш
сэтгэлийн чавхдасыг хөндөхүй
ахин дахин эрчлэн татах-уй
нил ягаанаар хучуулсан тал дундуур гүйхүй
нил ягаанд уусахуй
нилдээ ягаарах-уй
шөнийн хүрхрээнд жигүүртнээ услахуй
хүрхрээнд живэхүй
хөл алдах-уй
сүмийн оройгоос далавчаа дэлгэхүй
сүнсээ цайруулах-уй
үхэлд тэврүүлэхүй
маргааш л мартагдах өнийн үгсийг сэгсчиж
мутартаа шингээхүй
шингээд сар лугаа анирыг сонсох-уй
сонсох-уй ..

~Kiss of Death

Chad Wys / Чад Вис

АНУ-ын Иллиноис мужид төрсөн.
Реди-мейд, мултмедиа, дижитал артаар дагнан ажилладаг. Түүний бүтээл бүрээс нь     анти-уламжлал нэвт ханхалдаг. 2011 онд гаргасан Nocturnes цуврал ажлууд нь Викторияагийн үед багтах XIX-р зууны эхэн үеийн романтик өнгө аястай реалист хөргүүдийг дижитал хэлбэрээр буулган, дараа нь зургийн бүтцийг нилэнхүйд нь дахин өөрчлөдөг.
Висийн бүтээлүүдэд байх цаг хугацааны харшилдаан нь өмнөх урлагийн хэлийг даган дууриах бус харин ч хэлбэр, агуулгын хувьд авсан дүрүүдэд деконструкц хийж байгаа юм.

Шөнийн дүр 35
c-print

Эзгүй- 21
c-print

Эзгүй 1
c-print

Шөнийн дүр- 21
c-print

Бүтээл 14
c-print

Шөнийн дүр 103
c-print

Бүтээл 1
c-print

Шөнийн дүр 113
c-print
Nocturnes