Tuesday, April 30, 2013

цонхон дээр үлдсэн хэдэн мөр


..салхинд түүний үс хийсэн алтадсан нүүрийг нь илбэнэ. тэр аньсагаа алгуурханаар нээн, жаргах наранд бүхэлдээ уусна. хаа нэгтээгээс бяцхан тоосонцорууд амь орон, хэн нэгний хэвлийд тэмдэг үлдээн тийчигнэнэ.
/Вавилоны дагинасын тэмдэглэлээс/
       
Эзэнгүй: цаг хугацааны тухай хэрхэн дуулах билээ.. дууллаа гэхэд хир удаан?

Номлогч: Итгэлээ гээчихсэн хэн нэгэн над дээр ирвэл би галыг нь үгээр өрдөхийг хичээдэг. Зүгээр л хичээдэг, гал нь болж нэгэнт чадахгүйгээс хойш,  доторх галаа олоход нь туслахыг хүсч, амьдрах хэрэгтэй хэмээн итгэл үнэмшил дүүрэн уйгагүйгээр ятгадаг. Гэвч, хамрын шуухитнаа тусч орондоо хэвтэн, итгэлийн галаа нэгэнтээ өрдөхөөр дуугаа хураах бүртээ дараачийн тайвширлыг хайн самгардаж буйгаа үзэн ядаж, чөтгөрийн амисхалыг өөрөөсөө нэвт мэдэрдэг. Яг тэр мөчид өрөө минь тэр чигтээ галаар дүрэлздэг. 

Янхан: би буй биеэрээ бүхнийг цагаатгадаг. тэдний ихэнх нь харцыг минь залгин, хүзүүг минь озохдоо надад дуу алдан залбирч, бүх зүйл дуусан өндийх үестээ миний жигшил зэвүүцлийн ертөнцөөс үтэр түргэн салахыг хичээн энгэрээ яаран товчилцгоодог. би нэгээс авсан харцаа нөгөөд залгиулна. энэ бүхэн өөрөөр байх аргагүй. надад харц үгүй. би ариун.. ариун.

Дуранчин: өдөр хоногыг зүгээр л элээх гэдгийг утгаар нь үзүүлж байна дөө. ямархан нэгэн зүйл хийсэн ч тэр нь ганцаараа, хоёулаа,  гучуулаа байна уу хамаагүй гол нь хийгдэж байгаа үйл хэрэг нь ямар ч үнэ цэнэгүй болохыг мэдрэх хамгийн хогийн. эл бүгдээс илүүтэй тухайн хийж буй зүйл, зан үйл, дадал, хүслийн илрэл за юу гэж ч нэрлэхсэн хамаагүй зөв, үнэн, ийм л байх учиртай гэж үзсэнд алдаа оршиж байгаа юм. . гол нь юунд ч харамсахгүй байх хэрэгтэй. юунд ч..


Дусал нэвчсэн хоосон цааснаас гунигийн мөр хайгаа юу? тэгээд олсон уу?


Thursday, April 18, 2013

Борооны тухай диалогиуд


1-р хүн :  Би шүхэр барьж явах дуртай.
2-р хүн :  Намхан юм байж!
1-р хүн :  Харин тэр тусмаа гоё санагдаад байдаг юм.
3-р хүн :  Би харин тамхилангаа алхах дуртай. Зам зуураа бүх мөнгөө шавхаад cafe орох бас.
4-р хүн :  Espresso!
3-р хүн :  Latte!
4-р хүн :  Espresso !
5-р хүн :  Би өнгөрсөн шөнө цас зүүдэлсэн.
2-р хүн :  Энд зүүд ямар хамаа байна ?
4-р хүн :  Ахиад л цагаан
3-р хүн :  Цас шиг цагаан
4-р хүн :  Цаас шиг цагаан
3-р хүн : Давс шиг..
6-р хүн :  Нойтон үс үнэрлэхээр хамаг юм сэрчигнээд, сэрчихдэг юм.
2-р хүн :  Байнгын унтаа байдгийм байж !
3-р хүн :  Өрвийж ирээд л
4-р хүн :  Өндийж ирээд л
3-р хүн :   Үелзэж ирээд л
(Энд, тэнд : жуг жуг..., хи хи хи..., нуг нуг, нуг... )
7-р хүн :..удаан нороод, норсон чигтээ гэртээ ороод.. зогсож байсан газарт минь мөр гарчихсан байсан. би зургийг нь дарсан.
3-р хүн :  Мөрийг нь дарсан
4-р хүн : Хүлээлтээ дарсан
3-р хүн :  Хүндүүрхэн гунигаа дарсан
(Энд,тэнд : хммммммммммммммм..... (уртаар санаа алдацгаана).... )
8-р хүн : Бид хоёр үнсэлцээд, нэг мэдэхэд хамаг хувцас хатчихсан байсан.
3-р хүн :  Халуун үнсэлт  !!
4-р хүн :  Паар шиг үнсэлт !
3-р хүн : Нар шиг !
2-р хүн : Энд нар ямар хамаа байна ?
9-р хүн : Саяхан нэг айл урссан гэсэн. Манай эмээгийнх урсчихгүй байгаа ?
10-р хүн : Тэр чинь жалганы ойролцоо буусан айл байсан юм.
9-р хүн : Бас нэг жирэмсэн эмэгтэй хөвж явсан гэсэн.
10-р хүн : Тэр эмэгтэй чинь жалганы ойролцоох айлын эмэгтэй байсан юм.
3-р хүн : Бөөрөнхий гэр л урсана.
4-р хүн : Бөөрөнхий доторх бөөрөнхий эмэгтэйчүүд бас.
(Энд, тэнд : ихээхэн мэдэмхий царайлагчид хамар нь мушилзана, ам нь жуумилзана)
2-р хүн : Энд чинь бөөрөнхийнүүд ямар хамаа байна ?
11-р хүн : Нэг их сайхан дуу сонсмоор байна.
(Хөгжмөө асаана. Паржигнах шуумтай зэрэгцэн дуулах аядана.)

Шиврэн гуниглах
Дү-Дү-Дү ганцаар
Шүхрээ барьсаар  
Алхаж явахаад минь
Шүүдэрт норсон
Дү-Дү-Дү хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь
Уянгалах юөөөм.
(Энд,Тэнд : Зарим нэг нь дуулах аядсанаа, үгийг нь мэдэхгүй чимээгүй болно.)
2-р хүн : Энд чинь ДҮҮДҮҮ ямар хамаа байна ?
5-р хүн : Тэгээд чи юу хэлмээр байна ?
2-р хүн : Чишшшшшш!!
3-р хүн : Чошшшшшш!!
4-р хүн : Чүшшшшшш!!
2-р хүн : Гадаа бороо шивэрч байна.
(Бүгд ам амандаа шаагилдан юу ч юм хашхиралдаж эхлэмэгц бороо улам улангарсан ширүүсч, энд тэнд нилэнхүйдээ бороон чимээ...)
Бороо:  Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир..
 12.06.27

Thursday, April 4, 2013

Эрчимт урсгал..


Michael Chase / Майкл Чейз

Вашингтоны Споканид төрсөн.

Чейз урлагийн сургуулиа төгссөнөөс хойш гэрэл зургаар дамжуулан өнгийн гайхалтай хоршил, эрчимлэг тавилтуудаар дагнах болсон.
Тэрээр  түр зуурын амилаг юмсыг бүтээлдээ голчлон сонгож  өнгө, өрөлт, текстурын тоглол хийдэг. Байгалийн жам ёсоор элэгдсэн, зэвэрсэн, өмхийрсөн дахин үл давтагдах гадаргууг объектоо болгон макрогоор дарж, тухайн зургийн эрчмийг эвдсэн засалтыг дижитал аргаар гүйцэтгэдэг.
Түүний үл зогсох туршилтуудын дараагийн проект нь өөрийн хөгүүд нь байх аж. Дижитал аргаар уран зурагт гаргаж боломгүй цэвэр өнгийг хольж үүсгэнээр бүтээл бүр нь өөр өөр хүчтэй тэсрэлтүүдийг дор бүрнээ мэдрүүлнэ.











                                                 түүний цахим хуудас