Saturday, September 6, 2014

Өрөөнд гадаах бүүдгэр гэрэл тусна. Тагтны үүд дэлгээтэй, намрын эхэн сарын жиндүү эр салхи хөшиг нэвтлэнэ. Төд удалгүй гартаа лаа барьсан бүсгүй гулсан орж ирнэ. Доторх бодолдоо түүртэн цээж нь түвхэлцэнэ, амисхал нь давхцана. 

Бүсгүй : Бүх хүнд хууртагдсан мэт мэдрэмж төрнө. 
Ярилцагч : Бүх хүн гэж яг?
Бүсгүй : Найзууд, хөршүүд, уулын цаадхи тосгодын иргэд.
Ярилцагч : Тэд юу гэсэн юм?
Бүсгүй : Хэн нь ч ялгаагүй цагаан цаас байсан. Бүгдэд нь өөрөөр үсэглэхийг заасан. Тэд эргээд мартчихсан.
Ярилцагч : Тэгээд чи гомдоод байгаа юм уу?
Бүсгүй : Үгүй дээ, би хэнд ч юунд ч гомддоггүй. Гол нь хууртагдсан гэх цэхэр шаргал мэдрэмж л эргэн тойронд минь түгээд байгаа нь л намайг тавгүйтүүлээд байна.
Ярилцагч :: Харамсалтай л юм. Би хавьгүй дээр зүйл хүлээж байлаа.
Бүсгүй : Юу ч дээрдлээ гээд нэг их шалихгүй ш дээ.
Ярилцагч : Алив суу. 

Толины өмнө хагас нүцгэн бүсгүй сандал татан сууна. Гарт нь лаа.

Бүсгүй : Үе үе би бүгдийг урж тасдахыг хүсдэг. Бүр хэсэгчлэн. Өөрийгөө хүртэл. Аль нэг биеийн хэсгээсээ ямх ямхаар малтсаар биеийн минь хамгийн нимгэн арьснаас цус жижиг жижгээр хэрхэн шүүрч буйг таатай гэгч нь ажиглахын зэрэгцээ төд удалгүй хорсож эхлэхэд нь өөрийгөө зүхэх шийтгэлийг бас.
Ярилцагч : Мазо байх нь төдий л давуу талгүй болов уу.
Бүсгүй : Тэглээ гээд юу өөрчлөнө гэж.
Ярилцагч :Чи энхрийлэл хүсээ юу, эсхүл үнэнч байдал уу?
Бүсгүй :Аль аль нь шинэ санагдахгүй байна. 
Ярилцагч : Шинэ гэдэг үг өөрийн утгат шинжээ алдаад удаж байна шүү дээ.
Бүсгүй : Онцгой ч бас. 
( тэр инээвхийлэх аядсанаа эргээд хэвэндээ орно)

Ярилцагч : Дээд давхрын бүсгүй ахиад л дуу алдаад эхэлчих шив дээ.
Бүсгүй : Харин тийм, нэг л эв хавгүй ганцаар янаглаж буй гиншилт. Гунигтай ч юм шиг.
Ярилцагч : Ганцаараа гэдгийг нь чи яаж мэдэж байгаа юм?
Бүсгүй : Хана налаад сонсоход хэтэрхий увайгүй санагддаг юм. 
Ярилцагч : Одоо ч сонссоор байгаа гэж үү?
Бүсгүй : Нимгэхэн хананууд нууц хадгалдаггүй шүү дээ.

Тэр эгэм рүүгээ унжсан үсээ хойшлуулна. Шууг нь даган лааны лав урсана.

Ярилцагч : Чи юу хэлэхийг хүсээ вэ?
Бүсгүй : Бүгдийг нь хэлвэл би ахин ингэх шаардлаггүй болно, тийм үү?
Ярилцагч : Яг тийм.
Бүсгүй : Тэгвэл би юу ч хэлэхгүй ээ..

..Лаа бүдгэрэн бүдгэрсээр хөх дөл болон өрөөгөөр тэнүүчлэнэ. Мартагдсан үгс хэдийн цонхон цаана будрана. Хүмүүс түүнийг нь анхны цас хэмээн нэрийдэх аж.