Saturday, September 6, 2014

Өрөөнд гадаах бүүдгэр гэрэл тусна. Тагтны үүд дэлгээтэй, намрын эхэн сарын жиндүү эр салхи хөшиг нэвтлэнэ. Төд удалгүй гартаа лаа барьсан бүсгүй гулсан орж ирнэ. Доторх бодолдоо түүртэн цээж нь түвхэлцэнэ, амисхал нь давхцана. 

Бүсгүй : Бүх хүнд хууртагдсан мэт мэдрэмж төрнө. 
Ярилцагч : Бүх хүн гэж яг?
Бүсгүй : Найзууд, хөршүүд, уулын цаадхи тосгодын иргэд.
Ярилцагч : Тэд юу гэсэн юм?
Бүсгүй : Хэн нь ч ялгаагүй цагаан цаас байсан. Бүгдэд нь өөрөөр үсэглэхийг заасан. Тэд эргээд мартчихсан.
Ярилцагч : Тэгээд чи гомдоод байгаа юм уу?
Бүсгүй : Үгүй дээ, би хэнд ч юунд ч гомддоггүй. Гол нь хууртагдсан гэх цэхэр шаргал мэдрэмж л эргэн тойронд минь түгээд байгаа нь л намайг тавгүйтүүлээд байна.
Ярилцагч :: Харамсалтай л юм. Би хавьгүй дээр зүйл хүлээж байлаа.
Бүсгүй : Юу ч дээрдлээ гээд нэг их шалихгүй ш дээ.
Ярилцагч : Алив суу. 

Толины өмнө хагас нүцгэн бүсгүй сандал татан сууна. Гарт нь лаа.

Бүсгүй : Үе үе би бүгдийг урж тасдахыг хүсдэг. Бүр хэсэгчлэн. Өөрийгөө хүртэл. Аль нэг биеийн хэсгээсээ ямх ямхаар малтсаар биеийн минь хамгийн нимгэн арьснаас цус жижиг жижгээр хэрхэн шүүрч буйг таатай гэгч нь ажиглахын зэрэгцээ төд удалгүй хорсож эхлэхэд нь өөрийгөө зүхэх шийтгэлийг бас.
Ярилцагч : Мазо байх нь төдий л давуу талгүй болов уу.
Бүсгүй : Тэглээ гээд юу өөрчлөнө гэж.
Ярилцагч :Чи энхрийлэл хүсээ юу, эсхүл үнэнч байдал уу?
Бүсгүй :Аль аль нь шинэ санагдахгүй байна. 
Ярилцагч : Шинэ гэдэг үг өөрийн утгат шинжээ алдаад удаж байна шүү дээ.
Бүсгүй : Онцгой ч бас. 
( тэр инээвхийлэх аядсанаа эргээд хэвэндээ орно)

Ярилцагч : Дээд давхрын бүсгүй ахиад л дуу алдаад эхэлчих шив дээ.
Бүсгүй : Харин тийм, нэг л эв хавгүй ганцаар янаглаж буй гиншилт. Гунигтай ч юм шиг.
Ярилцагч : Ганцаараа гэдгийг нь чи яаж мэдэж байгаа юм?
Бүсгүй : Хана налаад сонсоход хэтэрхий увайгүй санагддаг юм. 
Ярилцагч : Одоо ч сонссоор байгаа гэж үү?
Бүсгүй : Нимгэхэн хананууд нууц хадгалдаггүй шүү дээ.

Тэр эгэм рүүгээ унжсан үсээ хойшлуулна. Шууг нь даган лааны лав урсана.

Ярилцагч : Чи юу хэлэхийг хүсээ вэ?
Бүсгүй : Бүгдийг нь хэлвэл би ахин ингэх шаардлаггүй болно, тийм үү?
Ярилцагч : Яг тийм.
Бүсгүй : Тэгвэл би юу ч хэлэхгүй ээ..

..Лаа бүдгэрэн бүдгэрсээр хөх дөл болон өрөөгөөр тэнүүчлэнэ. Мартагдсан үгс хэдийн цонхон цаана будрана. Хүмүүс түүнийг нь анхны цас хэмээн нэрийдэх аж.


Sunday, August 17, 2014

Сөхөрч болохгүй. Шүлэг бичих хэрэгтэй.

Интэрнэт. Бидний зууны эмгэнэл бол энэ. Аливаа урлаг бүтээхүйд нөлөө үзүүлэгч тодорхой хүчин зүйлс байдаг. Орчин, хөдөлмөр, хүсэл, хамгийн чухал нь идеа. Тэр идеа хэнийхтэй ч давхцахгүй байх хийгээд ядахнаа л реконструкцалсан хуучин идеа байж гэмээнэ бүтээлд тооцогдоно. Гэхдээ харамсалтай нь ийн бүтээхүй нь нүдний гэм болсон. Учир нь бид хэтэрхий их мэдээллийг хараад, үзээд ханачихсан. Бидэнд жинхэнэ бүтээл хэрэггүй болсон. Жинхэнэ нь дэргэд байлаа гээд төдий үнэ хүрэхгүй. Яагаад? Бидний төсөөллийн бүхий л боломжийг “бусад” бэлдээд өгчихсөн. 
Тэдгээр бусдын "гурилдсан" болсон болоогүй хоолонцроор тархиа тэжээсээр байгаад дасчихсан. Энэ нь хүнийг яг л амьдиар нь оршуулан нээлттэй авсных нь дээрээс мэдээ мэдээллийг хүрздэн хойтохыг нь үйлдэхтэй агаар нэг.
Фэйсбүүк, Твиттер, Ютүб гэхчлэн хүмүүсийн өдөр дутмын хандалт хийдэг хуудаснуудын нөлөөгөөр бүтээлч өөрийгөө “худалдах” нь нэн элбэгшиж бусдыг ч, өөрийгөө ч үзэгч бус “идэвхгүй харагч”-ийн байр сууринаас тодорхойлох болсон. Ингэснээр түүний хувь хүний хандлагад өөрчлөлт ороод зогсохгүй, бусдаас “намайг тоогооч!?” “би энд нэг юм хийчихээд байна, хараадхаач?” гэх.
       Угаас зохиолч ч бай, зураач ч бай, уран бүтээлч хэмээн өөрсдийгөө “тунхаглах” чинхүү “зоригт” хүн бүрт бүтээхүйн үйл явцын дараалсан тодорхой шатлал, өөрийгөө “түлхэх” (тодорхой зорилтын дагуу бүтээлээ туурвих), нийгмээс өгөгдөх массын тоглолоос бүр мөсөн татгалзах шаардлага гардаг. Мэдээж, амжилтанд хүрэх, хангалуун амьдрах хүсэл тавигдах нь зүйн хэрэг. Гэхдээ ядаж хамгийн сүүлд нь байг.
   Бүтээл төрүүлэх, идеагаа хөгжүүлэх, өөрийгөө нээх үйл явцаа шинэчлэхийн тулд юуны түрүүнд бусдаас зээлдсэн бүхнээсээ холбоогоо таслах хэрэгтэй. Түүнчлэн бүтээлийг тань хуулбарлачихаад түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, хэт амбиц хөөсөн, өөрийгөө урлагийн бүхий л салбарт өрсөлдөх нэн чадвартай гэдэгт итгэчихсэн бүтээл "үнэлэх" хараагаа алдсан хүмүүсээс холдох шаардлагатай. БҮРМӨСӨН! Урам зоригийг тань уландаа гишгэх бүхэнд алтан шанаа өг! Хэрхэн?
      Амьдарч. Амьдарч асан цаг мөчөө цахим ертөнц, хов жив, цаг нөхцөөлтөнд булаалгаж биш. Өөртөө үнэнчээр бүрэн дүүрэн амьдарч. Нэг шаднаас шүлэг хэрхэн өндийн ургахыг бүх биеэрээ мэдэрч. Бүтээл бүхэн нүдтэй. Тэдгээр нь бүтээгчээ төсөөлөхийг хичээдэг. Харцанд нь хэрхэн тусах нь бүтээгчийн чин зоригийн асуудал.
 Жинхэнэ нь байх уу? Эсхүл..

Wednesday, July 2, 2014

Модыг ногооноор, цэцгийг улаанаар, хүнийг иймээр нь..



Илааршиж буй хаварт зориулсан өмнөтгөл..

Хотын хөл хөдлөгөөн хэдийн эхлэсэн байлаа. Тэнгэр баганадсан барилгуудын завсраар манан буусан уулсын толгой харагдана. Анир чимээгүй уулс. Тэнд очихсон гэх хүсэл минь ууж буй аягатай халуун кофеноос савсах ууртай нийлэн, тэр уур нь үл үзэгдэн дээшилсээр агаарт замхарахын алдад хажуу ширээний минь хүний салхивч дэлгэсэн гарын дэргэдүүр өнгөрөн одлоо. Дайвалзах их орчинд тэр доор олон жижиг зүйлс хөглөрцгөөх аж. Дорно зүгээс үлээх эртний салхинд хөтлөгдсөн хүсэл агаарын өндөр даралтнаас алгуурхан доошилсоор булангийн мухлагийн гадаа сэтгүүл уншиж суусан бүсгүйн долгионтой үсийг шүргэлээ. Үзэсгэлэн гоог дэргэдүүрээ үл өнгөрөөгч- дэггүй хаврын салхи. Тэндээс хүсэл нялуухан ягаан усны үнэрт хорогдож, түүнийг хүлээлгэгч залууг хамтдаа угтах хийгээд, ирмэгц нь зөөлөн үнсэхдээ нүүр лүү нь сул унасан үсийг нь илбэгч залуугийн хуруунд шилжлээ. Татаж дууссан тамхины үнэр. Шаналал дүүрнээр сорсон тамхины иш газарт “бүх зүйл дууссан” хэмээн унахдаа гурван жилийн өмнө авсөн хоншоор нь яльгүй халцарсан гутлын дор бяц гишгүүлсэн билээ. Бүсгүйн халуун төөнөсөн биеийг хамтдаа илбэн ноцоох хүсэл түүнийг хоёронтоо дуу алдахад цочин дэрвэсэн болжморын далавчинд шигдэн ахин агаарт хөвлөө. Хэзээ манант алсад хүрнэ дээ..Үүлсийн доогуур урт могой хүржигнэн, ганц нэгээр бороо хаяласан нь болжморын далавчыг мөргөн бутрахад мөнөөх хүсэл бороотой нэгдэн тогтоол усны хэсэг болов. Замын хашлагыг даван буухдаа хөлөө урсан жаалхүүгийн шилбийг дагах цусан дусал тэрхүү миний хүсэл оршигч хэдийн шалбааг болсон тогтоолд дусвай. Цус- амьдралын төлөөлөл. Үүлэн цоорхойгоос итгэлийн гэрэл сацарч чийгтэй гудмаар инээмсэглэн холхилдох хүмүүсийн дүр тодроно. Дүүрэн хүмүүс, хүмүүс дүүрсэн гудамж.
Баруун жигүүрээс жин жин хэмээн чимээ өгөн өнгөрөхдөө хүсэлийн минь яг дээгүүр хэрчин гарсан дугуйтай залуугийн дөрөөнд нь наалдан, ахин дахин бутрав. Дэггүй хүсэл, залуугийн санаандгүй шүргэн өнгөрөхдөө түг түмээр хараалгуулсан цагаан тортой, жижигхэн үрчгэр шар эмгэний хүрэмний ханцуйнаас зүүгдлээ. Эмгэн бөгшүүлгэн ханиасаар орцныхоо шат бүрийг тоолон гэртээ орж, углаашаа углан, ус буцалгагчаа амилуулан галын өрөөнийхөө цонхон дээр очин зогсов. Яг л өдөржин гадагш гараагүй хүн мэт. Цонхон тусгалд хүсэл түүний харцыг удтал ширтсэн ба тэнд нь “хүлээлт” гэх хүслийн хувьд цоо шинэ, миний зүгээс хэдийн танил үгээр дүүрсэн байлаа. Хүсэл хаашаа ч явах хүслээ гээжээ.

..Мөд харанхуй болно. Манант уулс ч замхарна. Тэнгэр баганадсан өндөр барилгууд зовхио буулгана. Үл үзэгдэгч шөнө гил хар үсээ задлана. Нэгэнт өөрөөс минь алсран одсон хүслийг юу хийж, хаана очсоныг үл мэднэ. Гагц харцны минь өмнө хэдийн манан татаж эхлэсэн байлаа.  

Sunday, April 27, 2014


* * *
исгэлэн нар залгилж
баясан суухад бараадан ирэх
сүүдэр минь
хар нөмрөг хулдсаар
цагаан харанхуйгаас цоо ширтэх
дүрс- үгүй анд минь
бидний хуруун завсраар хэдийн
алтан мөчрүүд салаалж
нүглийг цагаатгах хөх алим ургаж,
мөдхөн ирнэ дээ, тэр өглөө
мөр үгүй өглөө..

Tuesday, January 21, 2014

* * *

..Өвөөгийн бяцхан охины итгэл дүүрэн харц. Юунд ч үл дийлдэм, юунаас ч үл эмээх зоригт охин.Тэр хэзээд үл зүрхшээнэ. Учир нь түүнд өвөө нь бий. Өвөөгийнх нь сүүдэр түүнийг чөтгөрөөс хүртэл халхалдаг байлаа. Эрх танхил, итгэл дүүрэн, баяр хөөртэй нэгэн.
Бүгээ татсан орой зүүдлээд сэрчихээд бодит байдал эсэхийг ялгалгүй нүдээ нухсаар нарны сүүлчийн гялаан хэрхэн тасрахыг ажих бүлээн мэдрэмжинд зэргэлдээх байшинг харан зогсохдоо автдагсан. Тэгээд нэг л айдас төрөн зүүд мэт санагдвал “өвөө!!” гэж чангахан дуудчихвал л галын өрөөнөөс өвөө нь зэгээн цай барин гэрэл татуулсаар “өө, миний охин сэрээ юу” хэмээн охины унтаж буй өрөөнд орж ирдэгсэн.
Одоо тэр айдаст автан мянгантаа өвөөөөө гэж дуудсан ч хариу үл дуулдах хийгээд зэргэлдээх байшинг халуун нулимс мэт залгилах түнэр харанхуй охиныг мөн адил бүрхэх аж.

Ахиад л өнөө зүүд. Нэг л хоосон оргино.Энэ хоосон мэдрэмж ходоод хонхолзох хийгээд хэн нэгнээр дутах, эсхүл ганцаардлын өтгөрсөн бүдэг мананд хий самардахаас тэс ангид. Энэ бол хэрчигдсэн хуруун тасархай хэрхэн сэвхтэй лентэнд наалдан үхлийн бяцхан цочроог өгөх тэр нэгэн дохиорхуу зүйл. Энэ бол цонх даган урсах хаврын урь хэрхэн бөнжигнөн дуу алдахдаа ахин дахин хурдлан эрчилсээр цонхны тавцанг хэлээрээ шүргэхэрхүү зүйл. Энэ бол хэзээ ч үл жаргах тэрхүү бүлээн наран зэргэлдээх байшинг хэрхэн залгилахыг ажин гайхшрих бяцхан охин өвөөгийнхөө хариу хэлэн өөв! гэхийг сонсохтой ижил зүйл. Хэрэв зээ хэн нэгэн, хагсарч гансарсан эсхүл дүрлийтэл мансуурч элийрсэн, нулимс дүүрэн харцандаа бусдаас тусламж эрэгчид түүний зүүдэнд таарвал, тэр нарны сүүлчийн гялаанд хэрхэн шингэхийг инээмсгэлэн зааж өгнө. Учир нь түүнд өвөө нь бий.


Tuesday, December 17, 2013


"ХУРМАСТЫГ ӨМГӨӨЛӨХҮЙ"

К бол Куросава.

Орчин үеийн филмийн мастер Акира Куросава High and Low (天国と地獄) , Heaven and Hell гэхчилэн нэрлэгддэг өөрийн филмээр 1960-аад оны эхэн үеийн Японы кино урлагт цочроо өгсөн. Филмд Такаже хэрхэн гутлын үйлдвэрийн эзний хүүг хулгайлж, төд удалгүй баригдан гарцаагүй байдалд орж байгаа талаар гардаг.
Куросава : “Зохиол дахь хүүхдийн хулгайн талаарх ганцхан мөр энэ кино бүтэх гол шалтаг болсон” хэмээсэн байдаг.[1] Японы кино урлагийг баруунд гаргахад ихээр нөлөөлсөн Куросавагийн хувьд хурц үзүүрт сэлмээр тас цавчих мэт самурайн ёс суртахууны үлгэрлэл бүтээл бүрт нь үзэгдэнэ. Хурмаст ба тамд сайн муугийн эсрэгцэл төстэй байдлаар илэрдэг.  Кино гарсан даруйдаа шүүмжлэгчдээс ямар жанрт хамруулах тал дээр маргаан гарсан гэдэг. Учир нь филм өөрөө сэтгэл зүйн детектив  шинжтэй ч, пост-нуар жанрынх хэмээн тодорхойлдог.[2]
Такаже – хайрлагдах хийгээд санаа тавих хүнгүй энгийн нэгэн залуу, бусдын л адил алдаж, бас сайхан амьдрахыг хүссэн. Гэвч түүний сайхан амьдралд хүрэх зам нь буруу байсан. Учир нь тэр Хурмаст буюу диваажинг хол- Гондод байна гэж үзсэнээрээ тэр эндүүрсэн юм.
Филмийн хамгийн чухал сцен болох гутлын үйлдвэрийн эзэн Кинго Гондо, Такажетэй нүүр тулан уулзаж байгаа хэсэг.
Энэхүү сцен нь ерөнхийдөө киноны хамгийн чухал концепцийг агуулж байгаа. Такаже Гондогийн хүүхдийг түүний жолоочийн хүүхэдтэй андууран хулгайлсан ч эцэст эрүүл саруул буцаан олгодог. Гинжирү Такежи өөрийн энэхүү хүүхэд хулгайлсан үйлдлээ Гондогийн бусад айлаас тусгаар орших яг л диваажин мэт харагдах тансаг байшинг өөрийнхөө умгар өрөөтэй харьцуулсанаар энэ бүхэн эхлэсэн гэж тайлбарладаг. Куросава уг сценээр зөвхөн зөв, шудрага байдлын ялан дийлэхийг харуулахыг зориогүй, тэр хуучны Японы самурайн моралыг  хөндөж байна.
Эндээс харахад Такажегийн хувьд хүүхдийн хулгайн үйлдэл нь эд баялагтай огт холбоогүй, өөрийн зовлон үзсэн амьдралаас өс авч буй хариу үйлдэл юм.
Куросава энд бас нэгэн зүйл хөндөхийг хүссэн нь "хүүхэд бол хүүхэд" гэсэн санаа юм. Баян айлын хүүхэд ч бай, ядуу гэр бүлээс гаралтай ч бай хүүхэд л бол хүүхэд. Гагц нийгэм тэдэнд ондоо статус тулгадаг.

Нийгэм заавал зовлонгоор дүүрэн байх ёстой юу?
 Баян хүний мораль, ядуу хүний моралын ялгааг хөндсөн. Тэр Японы нийгмийн шудрага ёс хийгээд парадокс байдлаар асуулт тавьсан.

Парадокс
Филмийн парадокс ойлголтоор Такаже- ядуу зүдүү авч эрх чөлөөтэй, Хурмастын амьдралтай байсныг мэдэж, Гондо – хөрөнгөтэй хүн авч, бүх зүйлд хашигдсан, өөрийн эрх чөлөөг эдлэхгүй тул Тамын амьдралтай байсныг илчилнэ. 


Бидний хувь заяа хэмээн нэрийдэгч тодорхой цаг хугацааны хязгаартай аялал маань тоо томшгүй тохиолдлуудаас бүтсэн байдаг. 
Энэ бүгдээс үзэхэд Такажегийн хувьд хүүхдийн хулгайн үйлдэл нь эд баялагтай огт холбоогүй, өөрийн амьдралыг бүтэхгүй хэмээн үзээд мөнгөөр дамжуулан сайхан амьдралд хүрнэ гэж найдсан.
Гэвч үнэнд зөв буруу гэж байхгүй. Такаже гэмгүй, сайн сайхныг санаж явсан хүн болохоос зэрлэг балмад хүн биш. Хууль, нийгэм хүнийг сайн, муу гэж ялгахдаа гадаад гаргаж буй төрх, үйлдлээр нь л үнэлэх авч дотоод төрхөөр нь үнэлдэггүй. Такаже шудрага ёсны төлөө тэмцэж буй авч түүндээ буруутгагдаж байна. Такаже үхэх ял авах ч түүндээ харамсахгүй.Учир нь хүмүүсийг ийн алгачилж үзэж байгаа нийгэмд чимээгүй аж төрсөнөөс орхисон нь дээр гэдгийг тэр ойлгож байлаа.



[1] Ed McBain. 1959. The 87th Precinct. King's Ransom . E. P. Dutton
[2] The Criterion Collection. Tsutomu Yamazaki. 2008. High an Low’s documentary film.

Wednesday, December 11, 2013


..Үл үзэгдэгсэдтэй ярилцсаар хэдэн сарыг үдэв. Нэг их сонин зэвүүцэл төрч эхлэнэ. Хаанаас ч юм хачин тээртэй өрөмний чимээ өрөөг эзэмдэн, толгой нь үл мэдэг дайвалзана,утаа суунаглана. Тэр хэдийнээс тэднийг үзэн ядаж эхлэснээ гайхана. Гэвч яг энэ гайхахтай зэрэгцэн толгойг нь самууруулсан чих дөжирсөн авиа сонс, намайг сонс! хэмээн яг дээрээс нь хашхичина. Өчигдөрхөн л тэд түүний хамгийн дотны ярилцагч, сонсогч, зүүднийх нь харуулууд байсан сан. Харин өнөө өглөө.. амар тайвныг үл үзүүлэн орных нь ирмэгт нүдээ будан суух, ажигч үгүй түүний тамхинаас дур мэдэн авч суунаглуулах хараал идсэн зэрэмдэг сонсогчдоо үнэн голоосоо, бүр чинхүү үнэнээс үзэн ядаж байлаа. Үнэн гэвч түүний үйлдийг эс соёрхох аж. Одоо тэд уурлаж буйг нь гадарлан хаа нэгтээгээс инээвхийлэн энд тэнд, тэнд энд газар сайгүй нуугдацгаасан биз. Дандаа л тэгдэг. Тэр айж эхлэв.Багахан ч атугай хөдлөчихвөл л худал хуурмагийн багтай тэдэнтэй нүүр тулахаас зүрхшээж байлаа. Гэвч энэ айдас түүний сэрүүн зүүд аж. Өглөөний униар дуниартангуй нүдийг эзлэнэ. Зүүнтэй хөхөнтөн үзэгдэх их оройн дээр,бүр дээр манан суунаглаж, тэр өөрийн эртний сүүдрүүдийг дурсана. Түүх эхлэхээс урьд оршиж асан түүний сүүдэр чанх ард нь инээвхийлэн суухыг мэдрэх агшинд үүр цайх аж. Далавчин дороо бяцхан үр тээсэн цох хөшигний завсраас сэм ниснэ..

Monday, October 7, 2013

* * *

энэ ертөнц төөрдөг байшин
эгч нь чамаас холдохгүй ээ
нуугдаж тоглоё
гүйлдэн одоё
хамтдаа үймүүлцгээе тэнгэр элч минь
тэнхээгээ алдтал тоглох эрх бидэнд бий
улаалзаганы сүүдэр хацарт чинь туяарах
агшинд
сансрын хаалгыг олох
мөчид
зүүдний манаачийг сэрэх
үзүүрт

нүдийг минь боо..
цаг хугацааны төөрөгдөл дунд
соронзот тэмтрүүлээр нэгнээ хайцгаая
үл тасрам
үл тасалдам
дүүгийн минь инээд..

Tuesday, October 1, 2013

Tvvnii gar zurguud..


Куросава: Олоон олон жилийн өмнө (яг хэзээг нь санахгүй байна) Cinémathèque Française-н Хенри Ланглуа надад өнгөт филм хийхийг санал болгосон юм. Тэр надад Эйзенштейны Догшин Иваныг үзүүлээд, "Хар даа, үүнийг  тэр маш олон жил хийж байна. Үр дүн нь ч давгүй байна. Чи оролдоод үзэх хэрэгтэй" гэв. Гэхдээ тухайн үед өнгөт кино миний илэрхийллийг гүйцээж чадахгүй мэт санагдаж байв. Тиймдээ ч хар цагаан кино хийсээр байсан юм.  Би Хенригийн санааг тусган авч, өөрөө ч туршиж үзэхээр шийдэн Dodes’kaden -г хийсэн. Тэр бол миний анхны өнгөт бүтээл. Өнгийг хэрэглэж эхлэснээрээ олон илэрхийлэл өмнө минь дэлгэгдэх болсон.  

         
         

           
           

 

 
 





* * *

хамгийн тансаг үхэл- навчис
нарны хайр нэвчих агшинд
хөл дор ахин үхэл
хичнээн тачаалтай- улаан зурвасууд
анивалзан гүрвэлзэх
үл мэдэг шүүрс алдам
бие минь шархирч
газрын хэвлийд шингэхээр бутрана..








Monday, September 2, 2013

Өлсгөлөн үлгэр

  ..Амьдрал нүдээ нээжээ. Тэр одооноос амьд болов. Саяхан үхдэл байсны шинж нүүрэнд нь багахан үрчийн уйлагнах гомдлоос өөрөөр илэрхээ больж. Тэр одоо бяцхан, бяцхан амьд биет. Тэрнийгээ мэдрэхээр сулхан амьсгаа авлаа. Түүнд нэр аль хэдийнэ хайрлажээ. “Амьдрал”.

Байгаль эхийнх нь бүхнийг энэрэх зан түүнд заяасан авч Амьдралд хайрлаж энэрсэн тэр л зүйлсээ хормын дотор үгүй хийх адын сэтгэл зэрэг төрнө. Эх нь түүнд бяцхан хөлөг онгоц авч өгч. Амьдрал хөлөг онгоцоороо тоглож өдрийг барах их л дуртай байж. Нэг удаа гэрт нь жижигхэн шавьж явж байсанд ихэд сонирхож шилэнд хийжээ. Тэр шавьжиндаа хоол өгөөд л, өгөөд л , гадаа салхилуулаад л, хамтдаа шинэ үлгэрийг бодож олохын зэрэгцээ , түүнтэй ярилцдаг байв. 

Ихэвчлэн Амьди ярьж (ээж нь түүнийг тэгэж дууддаг байв) шавьж тэвчээртэй сонсогч болно. Яг л хамгийн шилдэг философич шиг. Амьди шавьжиндаа нэр өгөхийг хүсч удаан бодосны эцэст Хүн гэдэг нэр хайрлажээ. Яг л ээж нь түүнд анх нэр хайрласан шиг.  Түүний жижигхэн Хүн удалгүй нэг эст бяцхан эсэнцрүүд гаргаж эхэлжээ. Энэ нь Амьдид муугийн совин байнга татуулна. Эхний гаргасан бяцхан эсэнцрийг нь тэр даруйд нь няц гишгэж орхижээ. Хүн нялх биетэй ухаан санаа нь орж гарч байсан тул тэдий зэргийн эсээ алдсанаа анзаарсангүй. Дараа нь дахиад нэг, дараа нь дахиад нэг, тэрний дараа ч дахиад нэг. Гарч ирсэн эсэнцрүүдээс нэг ч үлдсэнгүй. Түүнд өөрийн Хүнийг өөр бяцхан эсэнцрүүдтэй хуваалцах хүсэл байсангүй. Хүн бол түүнийх. Хүсвэл Хүнийг ч няц гишгэх чадал түүнд байгаа. Гэвч өрөвдөнө. Тэр нигүүлсэнгүй.

Амьдигийн ээж шидийн мэргэжилтэн байв. Бяцхан үр цацаад л бүхэл бүтэн ой мод бий болгочих жишээтэй. Багахан нулимс гартаа цуглуулан цацаад л хараа үл гүйцэм тэнгисийн давалгааг үүсгэнэ. Ээж нь энэ ажилдаа хамгийн шилдэг нь байв. Харин Амьдид энэ бүхнээс илүүтэй ээж нь долгиотсон урт үсээ задлах мөч л гайхамшигтай санагдана. Ээж нь үсээ задламагц л тэнгэрээр нэг асгарсан тас хар үс нь хуйлран эргэлдсээр, энд тэндгүй харанхуйлна. Амьдид  энэ мөчид түүний хажууд эвхрэн хэвтээд зүүрмэглэнэ. Тэр хэзээ ч гүн нойрсож байсангүй, зөвхөн зүүрмэглэлийг л хүснэ. Түрхэн л ..

Эх нь хэзээ ч түүнд өөрийнх нь эцгийг ярьж байсангүй. Амьдид харин тэр нь хэзээд хамгаас сонирхолтой санагдана. Нэг өдөр (ямар нэг нууц бүхэн нэг өдрөөс л үүсэлтэй байдаг ) эх нь эцгийнх нь нэрийг хэлжээ : түүнийг “Он Цаг ” гэдэг. Өөр юу ч хэлсэнгүй. Амьди Он Цаг гэгч өөрийн эцгээ ихээр харахыг хүсч, дотроо царайг нь дүрслэхийг хичээнэ. Тэр бүрийд эх нь хачин ихээр гуниглаж гил хар үсээ задлана. Бяцхан Амьдиг зүүрмэглэх үест нь эцгийнх нь хоолой сонстох аж. Манан татсан өтгөн уулсын толгодоос авaхуулаад хатаж хорчийсон ээжийнх нь гунигийн хэсгүүдийг даван хүүгсэн хоолойгоор эцэг нь юу ч юм хэлнэ. Харин тэр үгс дамжигдан ирэх үест Амьдигийн хацар гүрвэлзэж, хоолой нь хорсоно. Сэрээд өөрийн Хүн найздаа зүүдээ нэг бүрчлэн хэлнэ. Хэзээний сайн сонсогч Хүн  аанай л толгой дохин сонссоор..

Нэгэнтээ Амьдигийн бяцхан Хүн нь өсөхийн үест түүний эсэнцрүүд хэдэн мянга болон үржжээ. Тэднийг няцлах байтугай тоолох ч сонирхолгүй болтлоо Амьди нас биенд хүрч. Түүний Хүн болоод сүргүүд нь асар том онгоцон дотор амьдарч байлаа. Учиргүй их дуу чимээ гаргахгүй л бол Амьди тэдэнд нэг их ойртохгүй. Харин аль нэг эсэнцрүүд нь үржилд орох юм уу, нэг нэгнийгээ барьж идэх мөчид Амьди тэднийг сонгон авч тухай бүрт нь тохиох шийтгэл бодож олно. Тэгээд зэрэмдэглэж дуусмагцаа буцаан тавина. Түүнд эцгийгээ хүлээх багынх нь бодлуудаас юу ч үлдсэнгүй. Он цагийг үзэн ядна, зүхнэ.

 Гэвч нэгэн өдөр (аанай л толгой эргүүлэм нэг өдөр) тэр дурлачихжээ. Эцгийнхээ төрсөн дүүд, өөрийнхөө авга эгчид. Одоод дурлачихав. Түүний хайрлахыг хүссэн тэр л бүх зүйл Одоод шингэсэн байлаа. Үүрдийн мэт амгалан төрх, хэзээ ч үл дуусах хормууд. Анх харуутаа л “тэр” мөн гэх бодол сэтгэлд нь ургасан юм. Эхний уулзатын орой л Одоотой хамт үүр цайлгав. Сэрүүтээ л хайртай бүсгүйнхээ долгиотсон үсийг үнэрлэв. Тэгээд үнсэхээр өндийтөл дэргэд нь өнгөрсөн шөнийн хайрт нь бус түүний 2 ихрийн нэг болох Өчигдөр хайртынх нь дэрийг дэрлээд гүн гэгч нь нойрсож байлаа. Амьди зэвүүцэл, хууртагдсан мэдрэмжээ барьж дийлэлгүй унтаж буй бүсгүйг багалзуурдаж авав. Бүсгүйн ам нь ангалзан хамаг хүчээрээ өөдөөс нь тэмцэх авч хүзүүг нь хором бүхэн үхэл хүчтэйгээр багалзуурдан төгсгөл нь дөхөж буйг цус хурч эхэлж буй улайссан нүднээс нь мэдэрч болох аж. Амьди хайртынхаа ихрийг хөнөөмөгцөө харцанд нь унтралгүй үлдсэн гайхшрал, гуниг хурсан түүний амь-үгүй биеийг хөнжлөөр хучсан болоод бушуухан гарлаа. Ингээд тэр насан эцэстлээ дурлалт бүсгүйгээ хайх эрэлд мордсон юм.

Амьди өөрийнхөө ертөнцөд хийх дайсагналынхаа эхний алхмыг гүйцэтгэжээ. Тэр хатуу, хатуужилтай болжээ. Яагаад ийн зүрхэнд үлдсэн хамгийн гэгээлэг зүйлийг нь үгүй хийсэнд нь юуг ч юм бүхнийг буруутгах аж. Гэхдээ Өчигдөрийн хувьд тэр зөв зүйл хийсэн гэдэгтээ эргэлзэхгүй байлаа.
           Түүний бяцхан Хүн нэгэнт яридаг болж. Амнаас нь унах үг бүр Амьдиг зүхсэн, өөрийг нь анхны эсэнцрүүд шиг нь устгаагүйд зэвүүцдэг талаараа том гуурсан хоолойгоор чарлах аж. Амьдид түүний Хүн болоод эсэнцрийн сая сая сүрэг өрөвдмөөр санагдана. Гэлээ гээд түүнд хийж чадах зүйл үлдсэн гэж үү? Тэр хийдгээ хийсэн. Тэднийг “амьдруулж”. Түүнээс харин ингэж олон зүйл нэхэх нь хэтэрхий шуналтай санагдана. Амьди ямар Бурхан биш дээ!  Хожмоо бодоход Бурхан гэж нэрлэгддэг өвсөнд донтсон элэнц эхээ саналаа. Б-У-Р-Х-А-Н. Бүхнийг чадагч багш гэгддэг элэнц эх нь Амьдиг төрөхөд нь нэг зүүлтэрхүү зүйлээр түлж байсан шиг там тум санагдана. Сорив нь тэмтрэгдэх төдий болсон аж. Хааяа амьди яг л эмгийнхээ өгсөн шиг сорвийг өөрийн бяцхан Хүний сүрэгт тэмдэг тавина. Түүнд ялимгүй “өөрийн” талын мэт санагдсан нөхдөд л тэр тэмдэг бий. Санагдах гэдэг түүний ээжээс нь өгөгдсөн инстикт байлаа.
                                                           
  *  *  *

     ...Хачин их дулаахан зүрхтэй нэгэн хүү төржээ. Эцэг эхийн хайрыг татсан нэг л хөвүүн. “Хайраар” хийгдсэн тийм л хүүхэд. Хийсэн бодсон бүхэн нь хормын төдийд ч биелчихдэг түүнийг Азгийв гэдэг байв. Эцэг нь нутаг усандаа алдартай мужаан. Харин эх нь уран гартай оёдолчин нэгэн аж. Бүгд л тэдний Азгийвийг эцгийнхээ шийрийг хатаах мужаанист болно гэдэгт итгэж байв. Хүү харин яруу найрагч болохыг хүсчээ. Уулан дээр ганцаараа гараад суучихна. Хавь ойрын хүмүүстэйгээ тэр бүр ярилцахгүй. Бичээд л байна, бичээд л байна.  Нэг иймэрхүү юм бичнэ.
Галаар наадсан өдрүүдийн
Ёроолгүй гүнээс цоргитол ширтэх
Тэр нэгэн дуудлаганд
Ам минь хатав,
Үг хэлэхийн цагт..
         Залуугийн зүүдэнд нь янз бүрийн үзэгдэл харагдана. Тэр тэнд маш олон жижиг хэсгээс бүрдэх шилний бутархай дунд өөрийн дүрийг ахин дахин хайх аж. Арай хийн олох үест нь аврага бүргэд олсон дүрийг нь бут цохин ахин эхнээс нь хайна. Хамгийн хараал идсэн аймшигтай мөч нь огт харж байгаагүй олон хүний дүр өөрийнх нь оронд би мөн, би бол чи гэхчилэн толгойг нь самууруулна. Хашхирахыг хүсэвч дуу гарахгүй, дэмий л ам нь ангалзана. Нэвт хөлөрчихөөд сэрэхэд нь хөгшин эх нь нулимс цийлэгнүүлэн толгой дээр нь жин тавьчихсан сууж байдаг байв.

Бидэнд үүлсийн цаадхи нууцад нэвтэрч чадах цаг ирнэ гэж үү?, ухамсраасаа хол орших үестээ хашхирч хэлсэн дотоод шаналалаа хожмоо өөрөө санаж чадах уу?
Олон өдрүүдийн нэгэнд залуу уулан дээр суухдаа явах л хэрэгтэй хэмээн юмнуудаа баадагнан үүр цүүрээр гэрээсээ явжээ. Гэвч модон дотор тэнүүлчидэд баригдан хоолойгоо хага яруулж. .Амьсгал авахад хэцүү болж, татвагнан хэвтэхэд нь моддын дундуур зүсэн орж ирэх нарны эхний туяа нүүрэн дээр нь туслаа.. Тэр амьдралд хайртай байсан...

*  *  *

        Аливаа ямар ч хүнийг яажшуухан ч хамаагүй байдлаар зүсчих аргаа амьдрал олчихдог байлаа. Амьдигийн ингэж өөрчлөгдсөнд ээж нь санаа зовнино. Гэвч юухан хийж чадах билээ. Нэгэн бүүдгэр өглөө тэр чимээгүйхнээр усны онгоцон доторх хүн сүргүүдээ асар том шилэн савруу юүлэн далайн эргийн өмнөх хавцлыг зорилоо. Өнөөдөр хүн сүргийхнийг нэгэн зэрэг устгах өдөр. Өөрийгөө бас чөлөөлөх өдөр. Шилэн савнаасаа эхлээд нэг нэгээр нь хүн сүргийхнийг гаргаж байснаа бүгдийг нь урвуу харуулаад гүн хар нүхлэн харагдагч хүчит эргүүлэг рүү чулуудчихав. Ингээд тэр чөлөөлөгдөж, эцэст нь өөрөө унав.

Замгаас эхлээд элдэв амьд биет өөр дээр нь ургах хүртэл тэнд удаан суужээ.Сая сая он тооллууд оддоос тасарч байлаа, харваж байлаа. Далайн ёроолд. Ёроолын ёроолд. Сэтгэлд нь ээжийнх нь асгарсан үс алтан өнгөөр туяарч байх мөчид Амьди тэнд жаргалтай байна. Тэр ээжийнхээ өвдгийг дэрлэжээ. Бас Одоо..түүний Одоогийн дуу хоолой, нойтон аньсага, чимчигнэх уруул..
Амьди анх удаагаа гүн нойронд автлаа.. Анхны бөгөөд эцсийн удаа. Нүдээ алгуурхнаар анихад хамаг бие нь жингүйдэн хөөрч тэрээр эзгүй хөх талд ганцаар зогсоно. Сүүдэр хүртэл буухаас цэрвэдэг энэ хөх талд өмнөхөн нь нүцгэрсэн мөчиртэй лугс том мод  байх аж. Үзүүр нь тэнгэрийн хаяаг давсан, үндэс нь газрын хөрсийг мянган бээр нэвтэлсэн, мөнхийн үргэлжлэл мэт тэлсэн хязгааргүй олон мөчирс нь үл үзэгдэн саглайн, тэр сүрлэг мод уулсын өмнөх уул мэт.. Амьди эрс зоримогоор модны зүгт алхлаа. Тэр энэ модыг анх харуутаа л таньсан юм. Он цаг..

Tuesday, August 20, 2013

үхэл намайг хэдийн авсан. тэр харанхуй байгаагүй. гэрэлтэй ч байгаагүй. чанадын хоосон орчилоос ахин нэгэн үүдийг өмнө минь нээсэн. зүүдэндээ үзсэн танил нутаг. би гэртээ ирсэн.

уулсын хязгаарыг даван бэдрэхүйд хараацайс хавцлыг тойрон эргэлдэн хүрэх газартаа дөхсөнийг гэрчилнэ. салхинд дайгдах дулаахан үгс, нулимсан бороо, хэзээ ч үл гандах мөнхийн цэцэгс, өвгөдийн минь дотно хоолой, цагаан хэрээс..
энд миний тэмдэг буй.
сүүлчийн судруудтай хамт шатаагдах эгэл боргилын цаадхи гүн хөх оршихуйд ахин төөрөхүйд бэлдэнэ. амар амгалангийн хөндий.

мартагдах хийгээд санагалзахуйн хүмүүний мянган жилийн зовлонгоос би нэгэнт хэтийдсэн.
шарх минь хэдийн илааршиж, горхи амилан өндийх энэ хөндийд сарны буга нэрийг минь шивнэн урамдана. 

цаг хугацаа гэгч зохиомол орчихуйн хүлээснээс ашид ангижирч буй бүхнээс төгс төгөлдөрийг олж үзэж, дахин амилах..

Tuesday, July 9, 2013

Цагийг өмчлөхүй



Харгуй толгод,  хөндий,  хаа сайгүй л орших эгэл бор жимүүд..
..Нэгэнт л хуучирсан гэж үзэх болсон тэр л радио нэвтрүүлгээр өнөө л өглөө бүр сэрээдэг аялгуу, танил дуу явна. Зэвэрсэн машины сэг, халтартсан байшингууд, хаа нэгтээ бөмбөг өшиглөн гүйлдэх багачууд.. Нам гүм..Би энэ л хуучин хотын иргэн. Манай хотыг байдаг эсэхийг  хүмүүс мэддэггүй байх, эсхүл биднийг энэ дэлхий зүгээр л мартчихсан ..
Мартагдсан хотын иргэд гэж бид өөрсдийгөө нэрлэх дуртай. Энд өглөө бүр өтгөн манан буудаг. Тэр манангийн завсраар сүү, талх борлуулагчид баримжаагаараа мухлагтаа ирцгээнэ.Манайд юуны ч сүм байдаггүй. Тэгэхээр хэн хэн маань итгэл бишрэл гэдгийг умартах шаардлага гарна. Өөртөө л найд тэгвэл л нэгэн өдөр чи аз жаргал гэгч одыг гартаа атгана хэмээн амтай бүхэн сургана. Гэвч эцэс төгсгөлгүй найдлага гэдэг хэзээд хүнийг тархиндаа сум онилоход хүргэж мэднэ.
 Гэхдээ бидний дунд нэгэн ухаантан бий. Тэр доод гудамжыг уруудаад өглөө бүр ямархан нэгэн дуу аялаад сууж байдаг. Хэзээ ч хөгширдөггүй, басхүү залууждаггүй түүнийг нэгэн цагт шидэт эм бүтээсэн гэж хүмүүс ярьцаагаадаг. Тэр эр хэзээд баяр хөөрөөр дүүрэн, гэхдээ галзуу солиорлын өчүүхэн ч тэмдэг нүдэнд нь үзэгддэггүй, тийм л гэрэл түгээсэн нэгэн юм л даа. Түүний бүтээсэн гэх тэр эм нь цаг хугацааг гажуудуулан өөрийн хүссэн үедээ үүрд үлдэх боломжийг олгодог гэх. Ихэндээ ч хүмүүс тэр эм рүү нь шуурцгаадаг байв. Тэр хэнд ч зарахыг хүсээгүй .Ирсэн болгонд нэг нэг үг хэлээд л явуулаад байдаг байж. Эцэстээ хотынхон түүнд Солиотын үг гэх нэр зүүчихсэн юм. Ахиж хэн ч түүнээс цаг хугацааг гажуудуулагч эм авахыг хүссэнгүй. Ахиж хэн ч түүнээс шидэт үг сонсохыг хүссэнгүй.
Нэгэн өдөр, надад тэр хүнээс шидэт эмийг нь хулгайлах гайхамшигт санаа төрсөн юм. Тэр эмийг л гартаа оруулчихвал би энэ хэн ч мэддэггүй хотоосоо холдож, хүн бүхний дуулсан тэр л “өндөр” хотууд руу аялах болно гэж бодсон. Тэгээд тэр хүнийг сэрэхээс урьд , үүр цайхаас урьд унтдаг газар нь хүрч очлоо. Манан буух арай болоогүй тул гудамжны гэрэл дор унтах Солиотын үгийг би түвэггүй олж харав. Тэгээд халааснаасаа жижиг тонгорог чимээгүйхэн гаргаж яг дэргэд нь очих үест тэр баруун нүдээ нээчихэв. Би ч балмагдаж хутгаа өргөсөн чигтээ хөшин зогстол тэр аажуухнаар өндийснөө нүдээ эргээд аньчихлаа. Тэгээд үл мэдэг инээмсэглэн “бүх солонго хуурмаг, бүх зүүд хуурмаг ” гэж хэлэв. Түүнийг хэлж дуусмагц л хаанаас ч юм эрчилсэн их салхи намайг дээш авч одон, би тэр гудамжнаас, хотоосоо, тэнгэрээс холдон огт-оргуйруу шидэгдчих нь тэр..
Нүдээ нээх үест өнөөх л саарал гудамж, хөхөртсөн дэнлүү, танил авч таньдаггүй царайнууд дэргэдүүр холхино. Тэдний нэг нь гэнэт хүүе, тэрийг хараач ээ! Солиотын үгийн үс нь бууралдчихаж гэж хэллээ..

Monday, May 6, 2013

* * *

хөндий дүүрэн харц
өглөөний урь хагдарч
хөрш мэт зөрсөн миний эмээ
эмээ минь зөрсөн мэт хөрш
урьдын янзын
янзын урьдаар
эгшиглээд согтчихсон тэр
-амьдралд.

Tuesday, April 30, 2013

цонхон дээр үлдсэн хэдэн мөр


..салхинд түүний үс хийсэн алтадсан нүүрийг нь илбэнэ. тэр аньсагаа алгуурханаар нээн, жаргах наранд бүхэлдээ уусна. хаа нэгтээгээс бяцхан тоосонцорууд амь орон, хэн нэгний хэвлийд тэмдэг үлдээн тийчигнэнэ.
/Вавилоны дагинасын тэмдэглэлээс/
       
Эзэнгүй: цаг хугацааны тухай хэрхэн дуулах билээ.. дууллаа гэхэд хир удаан?

Номлогч: Итгэлээ гээчихсэн хэн нэгэн над дээр ирвэл би галыг нь үгээр өрдөхийг хичээдэг. Зүгээр л хичээдэг, гал нь болж нэгэнт чадахгүйгээс хойш,  доторх галаа олоход нь туслахыг хүсч, амьдрах хэрэгтэй хэмээн итгэл үнэмшил дүүрэн уйгагүйгээр ятгадаг. Гэвч, хамрын шуухитнаа тусч орондоо хэвтэн, итгэлийн галаа нэгэнтээ өрдөхөөр дуугаа хураах бүртээ дараачийн тайвширлыг хайн самгардаж буйгаа үзэн ядаж, чөтгөрийн амисхалыг өөрөөсөө нэвт мэдэрдэг. Яг тэр мөчид өрөө минь тэр чигтээ галаар дүрэлздэг. 

Янхан: би буй биеэрээ бүхнийг цагаатгадаг. тэдний ихэнх нь харцыг минь залгин, хүзүүг минь озохдоо надад дуу алдан залбирч, бүх зүйл дуусан өндийх үестээ миний жигшил зэвүүцлийн ертөнцөөс үтэр түргэн салахыг хичээн энгэрээ яаран товчилцгоодог. би нэгээс авсан харцаа нөгөөд залгиулна. энэ бүхэн өөрөөр байх аргагүй. надад харц үгүй. би ариун.. ариун.

Дуранчин: өдөр хоногыг зүгээр л элээх гэдгийг утгаар нь үзүүлж байна дөө. ямархан нэгэн зүйл хийсэн ч тэр нь ганцаараа, хоёулаа,  гучуулаа байна уу хамаагүй гол нь хийгдэж байгаа үйл хэрэг нь ямар ч үнэ цэнэгүй болохыг мэдрэх хамгийн хогийн. эл бүгдээс илүүтэй тухайн хийж буй зүйл, зан үйл, дадал, хүслийн илрэл за юу гэж ч нэрлэхсэн хамаагүй зөв, үнэн, ийм л байх учиртай гэж үзсэнд алдаа оршиж байгаа юм. . гол нь юунд ч харамсахгүй байх хэрэгтэй. юунд ч..


Дусал нэвчсэн хоосон цааснаас гунигийн мөр хайгаа юу? тэгээд олсон уу?


Thursday, April 18, 2013

Борооны тухай диалогиуд


1-р хүн :  Би шүхэр барьж явах дуртай.
2-р хүн :  Намхан юм байж!
1-р хүн :  Харин тэр тусмаа гоё санагдаад байдаг юм.
3-р хүн :  Би харин тамхилангаа алхах дуртай. Зам зуураа бүх мөнгөө шавхаад cafe орох бас.
4-р хүн :  Espresso!
3-р хүн :  Latte!
4-р хүн :  Espresso !
5-р хүн :  Би өнгөрсөн шөнө цас зүүдэлсэн.
2-р хүн :  Энд зүүд ямар хамаа байна ?
4-р хүн :  Ахиад л цагаан
3-р хүн :  Цас шиг цагаан
4-р хүн :  Цаас шиг цагаан
3-р хүн : Давс шиг..
6-р хүн :  Нойтон үс үнэрлэхээр хамаг юм сэрчигнээд, сэрчихдэг юм.
2-р хүн :  Байнгын унтаа байдгийм байж !
3-р хүн :  Өрвийж ирээд л
4-р хүн :  Өндийж ирээд л
3-р хүн :   Үелзэж ирээд л
(Энд, тэнд : жуг жуг..., хи хи хи..., нуг нуг, нуг... )
7-р хүн :..удаан нороод, норсон чигтээ гэртээ ороод.. зогсож байсан газарт минь мөр гарчихсан байсан. би зургийг нь дарсан.
3-р хүн :  Мөрийг нь дарсан
4-р хүн : Хүлээлтээ дарсан
3-р хүн :  Хүндүүрхэн гунигаа дарсан
(Энд,тэнд : хммммммммммммммм..... (уртаар санаа алдацгаана).... )
8-р хүн : Бид хоёр үнсэлцээд, нэг мэдэхэд хамаг хувцас хатчихсан байсан.
3-р хүн :  Халуун үнсэлт  !!
4-р хүн :  Паар шиг үнсэлт !
3-р хүн : Нар шиг !
2-р хүн : Энд нар ямар хамаа байна ?
9-р хүн : Саяхан нэг айл урссан гэсэн. Манай эмээгийнх урсчихгүй байгаа ?
10-р хүн : Тэр чинь жалганы ойролцоо буусан айл байсан юм.
9-р хүн : Бас нэг жирэмсэн эмэгтэй хөвж явсан гэсэн.
10-р хүн : Тэр эмэгтэй чинь жалганы ойролцоох айлын эмэгтэй байсан юм.
3-р хүн : Бөөрөнхий гэр л урсана.
4-р хүн : Бөөрөнхий доторх бөөрөнхий эмэгтэйчүүд бас.
(Энд, тэнд : ихээхэн мэдэмхий царайлагчид хамар нь мушилзана, ам нь жуумилзана)
2-р хүн : Энд чинь бөөрөнхийнүүд ямар хамаа байна ?
11-р хүн : Нэг их сайхан дуу сонсмоор байна.
(Хөгжмөө асаана. Паржигнах шуумтай зэрэгцэн дуулах аядана.)

Шиврэн гуниглах
Дү-Дү-Дү ганцаар
Шүхрээ барьсаар  
Алхаж явахаад минь
Шүүдэрт норсон
Дү-Дү-Дү хормой чинь
Шүлэг болж сэтгэлд минь
Уянгалах юөөөм.
(Энд,Тэнд : Зарим нэг нь дуулах аядсанаа, үгийг нь мэдэхгүй чимээгүй болно.)
2-р хүн : Энд чинь ДҮҮДҮҮ ямар хамаа байна ?
5-р хүн : Тэгээд чи юу хэлмээр байна ?
2-р хүн : Чишшшшшш!!
3-р хүн : Чошшшшшш!!
4-р хүн : Чүшшшшшш!!
2-р хүн : Гадаа бороо шивэрч байна.
(Бүгд ам амандаа шаагилдан юу ч юм хашхиралдаж эхлэмэгц бороо улам улангарсан ширүүсч, энд тэнд нилэнхүйдээ бороон чимээ...)
Бороо:  Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир Шир..
 12.06.27