Saturday, September 6, 2014

Өрөөнд гадаах бүүдгэр гэрэл тусна. Тагтны үүд дэлгээтэй, намрын эхэн сарын жиндүү эр салхи хөшиг нэвтлэнэ. Төд удалгүй гартаа лаа барьсан бүсгүй гулсан орж ирнэ. Доторх бодолдоо түүртэн цээж нь түвхэлцэнэ, амисхал нь давхцана. 

Бүсгүй : Бүх хүнд хууртагдсан мэт мэдрэмж төрнө. 
Ярилцагч : Бүх хүн гэж яг?
Бүсгүй : Найзууд, хөршүүд, уулын цаадхи тосгодын иргэд.
Ярилцагч : Тэд юу гэсэн юм?
Бүсгүй : Хэн нь ч ялгаагүй цагаан цаас байсан. Бүгдэд нь өөрөөр үсэглэхийг заасан. Тэд эргээд мартчихсан.
Ярилцагч : Тэгээд чи гомдоод байгаа юм уу?
Бүсгүй : Үгүй дээ, би хэнд ч юунд ч гомддоггүй. Гол нь хууртагдсан гэх цэхэр шаргал мэдрэмж л эргэн тойронд минь түгээд байгаа нь л намайг тавгүйтүүлээд байна.
Ярилцагч :: Харамсалтай л юм. Би хавьгүй дээр зүйл хүлээж байлаа.
Бүсгүй : Юу ч дээрдлээ гээд нэг их шалихгүй ш дээ.
Ярилцагч : Алив суу. 

Толины өмнө хагас нүцгэн бүсгүй сандал татан сууна. Гарт нь лаа.

Бүсгүй : Үе үе би бүгдийг урж тасдахыг хүсдэг. Бүр хэсэгчлэн. Өөрийгөө хүртэл. Аль нэг биеийн хэсгээсээ ямх ямхаар малтсаар биеийн минь хамгийн нимгэн арьснаас цус жижиг жижгээр хэрхэн шүүрч буйг таатай гэгч нь ажиглахын зэрэгцээ төд удалгүй хорсож эхлэхэд нь өөрийгөө зүхэх шийтгэлийг бас.
Ярилцагч : Мазо байх нь төдий л давуу талгүй болов уу.
Бүсгүй : Тэглээ гээд юу өөрчлөнө гэж.
Ярилцагч :Чи энхрийлэл хүсээ юу, эсхүл үнэнч байдал уу?
Бүсгүй :Аль аль нь шинэ санагдахгүй байна. 
Ярилцагч : Шинэ гэдэг үг өөрийн утгат шинжээ алдаад удаж байна шүү дээ.
Бүсгүй : Онцгой ч бас. 
( тэр инээвхийлэх аядсанаа эргээд хэвэндээ орно)

Ярилцагч : Дээд давхрын бүсгүй ахиад л дуу алдаад эхэлчих шив дээ.
Бүсгүй : Харин тийм, нэг л эв хавгүй ганцаар янаглаж буй гиншилт. Гунигтай ч юм шиг.
Ярилцагч : Ганцаараа гэдгийг нь чи яаж мэдэж байгаа юм?
Бүсгүй : Хана налаад сонсоход хэтэрхий увайгүй санагддаг юм. 
Ярилцагч : Одоо ч сонссоор байгаа гэж үү?
Бүсгүй : Нимгэхэн хананууд нууц хадгалдаггүй шүү дээ.

Тэр эгэм рүүгээ унжсан үсээ хойшлуулна. Шууг нь даган лааны лав урсана.

Ярилцагч : Чи юу хэлэхийг хүсээ вэ?
Бүсгүй : Бүгдийг нь хэлвэл би ахин ингэх шаардлаггүй болно, тийм үү?
Ярилцагч : Яг тийм.
Бүсгүй : Тэгвэл би юу ч хэлэхгүй ээ..

..Лаа бүдгэрэн бүдгэрсээр хөх дөл болон өрөөгөөр тэнүүчлэнэ. Мартагдсан үгс хэдийн цонхон цаана будрана. Хүмүүс түүнийг нь анхны цас хэмээн нэрийдэх аж.


Sunday, August 17, 2014

Сөхөрч болохгүй. Шүлэг бичих хэрэгтэй.

Интэрнэт. Бидний зууны эмгэнэл бол энэ. Аливаа урлаг бүтээхүйд нөлөө үзүүлэгч тодорхой хүчин зүйлс байдаг. Орчин, хөдөлмөр, хүсэл, хамгийн чухал нь идеа. Тэр идеа хэнийхтэй ч давхцахгүй байх хийгээд ядахнаа л реконструкцалсан хуучин идеа байж гэмээнэ бүтээлд тооцогдоно. Гэхдээ харамсалтай нь ийн бүтээхүй нь нүдний гэм болсон. Учир нь бид хэтэрхий их мэдээллийг хараад, үзээд ханачихсан. Бидэнд жинхэнэ бүтээл хэрэггүй болсон. Жинхэнэ нь дэргэд байлаа гээд төдий үнэ хүрэхгүй. Яагаад? Бидний төсөөллийн бүхий л боломжийг “бусад” бэлдээд өгчихсөн. 
Тэдгээр бусдын "гурилдсан" болсон болоогүй хоолонцроор тархиа тэжээсээр байгаад дасчихсан. Энэ нь хүнийг яг л амьдиар нь оршуулан нээлттэй авсных нь дээрээс мэдээ мэдээллийг хүрздэн хойтохыг нь үйлдэхтэй агаар нэг.
Фэйсбүүк, Твиттер, Ютүб гэхчлэн хүмүүсийн өдөр дутмын хандалт хийдэг хуудаснуудын нөлөөгөөр бүтээлч өөрийгөө “худалдах” нь нэн элбэгшиж бусдыг ч, өөрийгөө ч үзэгч бус “идэвхгүй харагч”-ийн байр сууринаас тодорхойлох болсон. Ингэснээр түүний хувь хүний хандлагад өөрчлөлт ороод зогсохгүй, бусдаас “намайг тоогооч!?” “би энд нэг юм хийчихээд байна, хараадхаач?” гэх.
       Угаас зохиолч ч бай, зураач ч бай, уран бүтээлч хэмээн өөрсдийгөө “тунхаглах” чинхүү “зоригт” хүн бүрт бүтээхүйн үйл явцын дараалсан тодорхой шатлал, өөрийгөө “түлхэх” (тодорхой зорилтын дагуу бүтээлээ туурвих), нийгмээс өгөгдөх массын тоглолоос бүр мөсөн татгалзах шаардлага гардаг. Мэдээж, амжилтанд хүрэх, хангалуун амьдрах хүсэл тавигдах нь зүйн хэрэг. Гэхдээ ядаж хамгийн сүүлд нь байг.
   Бүтээл төрүүлэх, идеагаа хөгжүүлэх, өөрийгөө нээх үйл явцаа шинэчлэхийн тулд юуны түрүүнд бусдаас зээлдсэн бүхнээсээ холбоогоо таслах хэрэгтэй. Түүнчлэн бүтээлийг тань хуулбарлачихаад түүнийгээ хүлээн зөвшөөрдөггүй, хэт амбиц хөөсөн, өөрийгөө урлагийн бүхий л салбарт өрсөлдөх нэн чадвартай гэдэгт итгэчихсэн бүтээл "үнэлэх" хараагаа алдсан хүмүүсээс холдох шаардлагатай. БҮРМӨСӨН! Урам зоригийг тань уландаа гишгэх бүхэнд алтан шанаа өг! Хэрхэн?
      Амьдарч. Амьдарч асан цаг мөчөө цахим ертөнц, хов жив, цаг нөхцөөлтөнд булаалгаж биш. Өөртөө үнэнчээр бүрэн дүүрэн амьдарч. Нэг шаднаас шүлэг хэрхэн өндийн ургахыг бүх биеэрээ мэдэрч. Бүтээл бүхэн нүдтэй. Тэдгээр нь бүтээгчээ төсөөлөхийг хичээдэг. Харцанд нь хэрхэн тусах нь бүтээгчийн чин зоригийн асуудал.
 Жинхэнэ нь байх уу? Эсхүл..

Wednesday, July 2, 2014

Модыг ногооноор, цэцгийг улаанаар, хүнийг иймээр нь..



Илааршиж буй хаварт зориулсан өмнөтгөл..

Хотын хөл хөдлөгөөн хэдийн эхлэсэн байлаа. Тэнгэр баганадсан барилгуудын завсраар манан буусан уулсын толгой харагдана. Анир чимээгүй уулс. Тэнд очихсон гэх хүсэл минь ууж буй аягатай халуун кофеноос савсах ууртай нийлэн, тэр уур нь үл үзэгдэн дээшилсээр агаарт замхарахын алдад хажуу ширээний минь хүний салхивч дэлгэсэн гарын дэргэдүүр өнгөрөн одлоо. Дайвалзах их орчинд тэр доор олон жижиг зүйлс хөглөрцгөөх аж. Дорно зүгээс үлээх эртний салхинд хөтлөгдсөн хүсэл агаарын өндөр даралтнаас алгуурхан доошилсоор булангийн мухлагийн гадаа сэтгүүл уншиж суусан бүсгүйн долгионтой үсийг шүргэлээ. Үзэсгэлэн гоог дэргэдүүрээ үл өнгөрөөгч- дэггүй хаврын салхи. Тэндээс хүсэл нялуухан ягаан усны үнэрт хорогдож, түүнийг хүлээлгэгч залууг хамтдаа угтах хийгээд, ирмэгц нь зөөлөн үнсэхдээ нүүр лүү нь сул унасан үсийг нь илбэгч залуугийн хуруунд шилжлээ. Татаж дууссан тамхины үнэр. Шаналал дүүрнээр сорсон тамхины иш газарт “бүх зүйл дууссан” хэмээн унахдаа гурван жилийн өмнө авсөн хоншоор нь яльгүй халцарсан гутлын дор бяц гишгүүлсэн билээ. Бүсгүйн халуун төөнөсөн биеийг хамтдаа илбэн ноцоох хүсэл түүнийг хоёронтоо дуу алдахад цочин дэрвэсэн болжморын далавчинд шигдэн ахин агаарт хөвлөө. Хэзээ манант алсад хүрнэ дээ..Үүлсийн доогуур урт могой хүржигнэн, ганц нэгээр бороо хаяласан нь болжморын далавчыг мөргөн бутрахад мөнөөх хүсэл бороотой нэгдэн тогтоол усны хэсэг болов. Замын хашлагыг даван буухдаа хөлөө урсан жаалхүүгийн шилбийг дагах цусан дусал тэрхүү миний хүсэл оршигч хэдийн шалбааг болсон тогтоолд дусвай. Цус- амьдралын төлөөлөл. Үүлэн цоорхойгоос итгэлийн гэрэл сацарч чийгтэй гудмаар инээмсэглэн холхилдох хүмүүсийн дүр тодроно. Дүүрэн хүмүүс, хүмүүс дүүрсэн гудамж.
Баруун жигүүрээс жин жин хэмээн чимээ өгөн өнгөрөхдөө хүсэлийн минь яг дээгүүр хэрчин гарсан дугуйтай залуугийн дөрөөнд нь наалдан, ахин дахин бутрав. Дэггүй хүсэл, залуугийн санаандгүй шүргэн өнгөрөхдөө түг түмээр хараалгуулсан цагаан тортой, жижигхэн үрчгэр шар эмгэний хүрэмний ханцуйнаас зүүгдлээ. Эмгэн бөгшүүлгэн ханиасаар орцныхоо шат бүрийг тоолон гэртээ орж, углаашаа углан, ус буцалгагчаа амилуулан галын өрөөнийхөө цонхон дээр очин зогсов. Яг л өдөржин гадагш гараагүй хүн мэт. Цонхон тусгалд хүсэл түүний харцыг удтал ширтсэн ба тэнд нь “хүлээлт” гэх хүслийн хувьд цоо шинэ, миний зүгээс хэдийн танил үгээр дүүрсэн байлаа. Хүсэл хаашаа ч явах хүслээ гээжээ.

..Мөд харанхуй болно. Манант уулс ч замхарна. Тэнгэр баганадсан өндөр барилгууд зовхио буулгана. Үл үзэгдэгч шөнө гил хар үсээ задлана. Нэгэнт өөрөөс минь алсран одсон хүслийг юу хийж, хаана очсоныг үл мэднэ. Гагц харцны минь өмнө хэдийн манан татаж эхлэсэн байлаа.  

Sunday, April 27, 2014


* * *
исгэлэн нар залгилж
баясан суухад бараадан ирэх
сүүдэр минь
хар нөмрөг хулдсаар
цагаан харанхуйгаас цоо ширтэх
дүрс- үгүй анд минь
бидний хуруун завсраар хэдийн
алтан мөчрүүд салаалж
нүглийг цагаатгах хөх алим ургаж,
мөдхөн ирнэ дээ, тэр өглөө
мөр үгүй өглөө..

Tuesday, January 21, 2014

* * *

..Өвөөгийн бяцхан охины итгэл дүүрэн харц. Юунд ч үл дийлдэм, юунаас ч үл эмээх зоригт охин.Тэр хэзээд үл зүрхшээнэ. Учир нь түүнд өвөө нь бий. Өвөөгийнх нь сүүдэр түүнийг чөтгөрөөс хүртэл халхалдаг байлаа. Эрх танхил, итгэл дүүрэн, баяр хөөртэй нэгэн.
Бүгээ татсан орой зүүдлээд сэрчихээд бодит байдал эсэхийг ялгалгүй нүдээ нухсаар нарны сүүлчийн гялаан хэрхэн тасрахыг ажих бүлээн мэдрэмжинд зэргэлдээх байшинг харан зогсохдоо автдагсан. Тэгээд нэг л айдас төрөн зүүд мэт санагдвал “өвөө!! гэж чангахан дуудчихвал л галын өрөөнөөс өвөө нь зэгээн цай барин гэрэл татуулсаар “өө, миний охин сэрээ юу” хэмээн охины унтаж буй өрөөнд орж ирдэгсэн.
Одоо тэр айдаст автан мянгантаа өвөөөөө гэж дуудсан ч хариу үл дуулдах хийгээд зэргэлдээх байшинг халуун нулимс мэт залгилах түнэр харанхуй охиныг мөн адил бүрхэх аж.

Ахиад л өнөө зүүд. Нэг л хоосон оргино.Энэ хоосон мэдрэмж ходоод хонхолзох хийгээд хэн нэгнээр дутах, эсхүл ганцаардлын өтгөрсөн бүдэг мананд хий самардахаас тэс ангид. Энэ бол хэрчигдсэн хуруун тасархай хэрхэн сэвхтэй лентэнд наалдан үхлийн бяцхан цочроог өгөх тэр нэгэн дохиорхуу зүйл. Энэ бол цонх даган урсах хаврын урь хэрхэн бөнжигнөн дуу алдахдаа ахин дахин хурдлан эрчилсээр цонхны тавцанг хэлээрээ шүргэхэрхүү зүйл. Энэ бол хэзээ ч үл жаргах тэрхүү бүлээн наран зэргэлдээх байшинг хэрхэн залгилахыг ажин гайхшрих бяцхан охин өвөөгийнхөө хариу хэлэн өөв! гэхийг сонсохтой ижил зүйл. Хэрэв зээ хэн нэгэн, хагсарч гансарсан эсхүл дүрлийтэл мансуурч элийрсэн, нулимс дүүрэн харцандаа бусдаас тусламж эрэгчид түүний зүүдэнд таарвал, тэр нарны сүүлчийн гялаанд хэрхэн шингэхийг инээмсгэлэн зааж өгнө. Учир нь түүнд өвөө нь бий.