Tuesday, December 11, 2012

муна үхсэн.. ингээд л чи алчихсан.. чамдаа бичих захидал..

Гараа дэлгээч, 

нүүрэн дээр минь шөнө асгарч байна.

энэ шөнө л дуусчихвал би ахин амилах гээд байна..  

гарт чинь намайг амилуулах шидэт үр бий. чи дэлгэхээсээ айсан. 
айдас чинь хаврын хур адил, тэр хур дор би хичнээн мянганыг дуу аялан өнгөрүүлэв.. чамд хэзээд дуулах мэт сонсогддог асан тэр л аялгуунууд үнэндээ түг түмэн хашхираан, санаа алдалтын цоморлиг байсан..

цээжнээс минь алтан өнгөт утас хөвөрч, тэр утсаар бид шөнөжин зүү сүвэлж тоглодогсон.. 
ямар ч ялагч үгүй бидний наадаанд яриа, шуугиан, чимээний аль аль нь үгүй.. аниргүй дунд бид биесээ тэмтэрдэг. бидний нэвтрэлцэх хэл. ямар ч үг хэрэггүй..

бороо ахиад л жингэнээд эхэллээ. цонхон дор мөнхийн горхи урсч, чи сөхөрч суугаад тэр горхиноос алгандаа хумин, амандаа юу ч юм үглэн цааш авч одсон. харуй бүрий. бүрий харуй.. харагдаагүй л байх тэр миний цусаар угаагдсан горхи .. харуулахыг ч би хүсэхгүй.. чи өгүүлэшгүй эмзэг.. 

надад сүүдрээ үзүүлээч.. хэсэгхэн ч атугай тэмтрэе.. 
магад би чиний сүүдэрт нэвтрэн шингэж үл үзэгдэм хоёр сүүдэр болон явах зам бүрийг чинь илж үзэх байсан ч юм билүү.. хэн мэдхэв дээ.. хэн мэдхэв..

Үүр цайж байна.. алга чинь аанай л атгаастай..

яагаад чи нарнаас баяр баясалыг авч, би саранд тайшвран зүүрмэглэдэг байсныг, яагаад чи амьдралд тэгтлээ шунаж, би үхлийг амраг шигээ санадаг байсныг ..яагаад хоёулаа нэгнээ өөрчлөхийг тэгтлээ их адгасныг, тэгээд ер бүтээгүйдээ тэмцэх хүслээ унтраасныг, дэргэдээс чинь үүрд ниссэн тэр мөчид дэлгээд мэдэх биз ээ.. 

Муна үхчихсэн. Цагаан үхэл. Цааз. Харуусал- Үгүй. Хайр-тай -Үгүй.


No comments:

Post a Comment