Tuesday, March 5, 2013

..

..нөмгөн зогсоод үүр цайхыг төсөөлөөд үз.. байгалийн дүлий чимээ, багахан сэвэлзүүр салхи,  шөнөжин наргисан бугууд сүүдэртээ буцах агшин, гэрэл ахин чөлөөлөгдөх агшин.. цангинасан шүүдрээр хөлөө услаж агаартай нэгдэх агшин.. юунд ч адгахгүй, юуг ч хүлээхгүй, хэсэгхэн хормын амилаг ахуй..

юмс бүхний хүлээс энд тайларч байна. будан дундаас салхин буга цухуйж, эврээ үл мэдэг сэжлэнэ. цаг нь ирсэний дохио.. хаа нэгтээгээс хэнгэрэг дуулдаж, газрын хэвлий дэх ан цав болгоны шарх анина.. зүүдний горхи хоржигнон урссаар өдөр хоногуудын хэлхээсийг өөртөө уусган одно.. одоо би цэвэр.. самуурахуйн хөшгийг тас татах цагаан хэрээ цээжин дээрээс минь халин ниснэ.. шувууд өглөөний нарыг дуудан залбирцгааж, мянгантаа сүлэлдсэн үгсийн нууц цэцгийн анхилага болон түгнэ..

манан.. гагц, чийгт манан тийш хөтлөх улаан ноход дахин айх хэрэггүйг сануулахуйд, эртний дуудлаганд авс мэт хүндэрсэн биеэ орхиод.. анир чимээгүйн зүг.. ахин замхрахуй..

No comments:

Post a Comment