Monday, March 4, 2013

the realm of Butoh..


Буто[1] бүжгийг үндэслэгчдийн нэг 大野 Кацуо Оно-гийн /1906- 2010/ тухай өгүүлэхийг хүслээ. Хоккайдод бага насаа өнгөрүүлсэн түүний эцэг нь загасчдын нийгэмлэгийн тэргүүн, эх нь арван гурван чавхдаст ятгачин байв. 1926 онд Японы спортын коллежид  элсэж, Антония Мерсегийн Аргентин-ийг анх үзээд үнэн сэтгэлээсээ биширч, бүжигчин болохоор шийдсэн гэдэг. 


Анхны ганцаарчилсан тоглолт нь 1949 онд Чөтгөрийн нулимс, Танго, Далдуу модны анхны цэцэгс нэртэйгээр тавигдсан. Кацуо Христийн шашинтай байсан нь бүжиг бүрээс нь нигүүлсэл хийгээд энэрэхүйгээр дамжин илэрдэг. 

Кацуогийн бүжгийг мимегээс салгах боломжгүй. Баяр хөөр, сэтгэлийн дээд таашаал, уй гашуу, хөдөлгөөнөөр уншигдах яруу найраг зэргийг тэр мимегийн хэлтэй хослуулна. Түүний хамгийн алдартай бүтээл нь Аргентинийг бишрэхүй юм. Уг бүтээлдээ Оно Испанийн домогт бүжигчин бүсгүйн дүрд хувилдаг.


1949 онд Кацуо Оногийн бүжгийн студи-г байгуулсан ба анх Оно Сошины охидын сургуулийн гимнастикийн багш хийх үед нь бэлтгэлийн байр нь байсан аж. Уг  модерн бүжгийн студиэс түүний хүү Йошито Оногоос эхлээд олон буто бүжигчид төрсөн.
Тэрээр 90 насанд золгохдоо Бутогийн чадварлаг багш хэвээрээ л байсан. 1999 онд Нью Йоркт тоглосон 20-р зууны гашуудлын дуулал” нь өрнөдөд тавьсан сүүлчийн үзүүлбэр нь болсон юм. 2007 оны намар гэхэд 101 настай, тэргэнцэр дээр суудаг болсон хэдий ч харанхуйн бүжигчин маань салхийг зурсаар байсан юм..



Сонирхуулахад, Энтони Кацуогийн Нью-Йоркт болсон 1990 оны тоглолтыг үзээд сэтгэл нь ихэд хөдлөн, өөрийн 2009 оны “Уйлж буй гэгээ”, "Ондоо ертөнц"  хос цомгийнхоо хавцасны зургийг  Кацуогийн хөргүүдээр хийсэн.

Кацуогийн түүхэн тоглолт болох 
Аргентинийг бишрэхүй 
Daiichi Seimei танхим, 
гэрэл зургийг Наоя Икегами, 1977

Парисын Ville Театр, Сара Бернарын өрөө
 гэрэл зургийг Пьер-Оливье Дешам, 1986



[1]  Butoh - Ankoku Butoh хэмээн нэрлэдэг, "Түнэр харанхуйн бүжиг"
Буто нь Японд дайны дараа 50-д оны сүүлчээр үүссэн бүжгийн төрөл юм.
Анхлан үүсгэгч нь Тацуми Хижиката /1926-86/. Жан Жене, Маркиз де Сад, Антонин Артогийн зохиолууд хүчтэй нөлөөлсөн гэдэг. Германы  Үндэсний шинэ бүжигт суралцсан Кацуо, Хижиката нар Японд шинэ урлагийн хэлийг үүсгэсэн нь бүжигчин хүний бие болоод байгалийн холбоог илэрхийлсэн, бүжиг, театрын алинд ч дангаар үл хамаарах Буто байлаа.
Бутод Хирошимагийн атомын бөмбөгдөлттэй холбоотой хүчтэй илэрхийллүүд бий. Боломжгүй хэмээгдэж байсан зүйлс биелэлийг олов. Ямар ч дуу авиагүй устгал, гашуудлаас илүү гашуудал..
Хижикатагийн анхны тоглолт нь үзэгч олныг цочроосон юм. Учир нь тэрээр Юкио Мишимагийн Хориотой өнгөнүүд зохиолын нийгэмд жигшигдсэн ижил хүйстнүүдийн тухай санаанд тулгуурлаж бүжиглэсэн нь үзэгчид болон Японы Модерн бүжгийн холбооноос Хижикаттаг хуулиас гадуурх, хориотой бүжигчин хэмээхэд хүргэж байв. Нэн сонирхолтой баримт нь Кацуогийн хүү Йошито Оно нь Хориотой өнгөнүүдийн бяцхан хүү Кинжикигийн дүрд тоглосноор Буто бүжигчин болох гараагаа эхлэсэн гэдэг.
Хижиката хожим нь тахианы хөдөлгөөнийг дууриах, тахиа болон хувирах, түүнчлэн юмсын мөн чанарт бүжигчин өөрөө уусч, тухайн мөчийн импровизациар үзүүлэх Бутогийн давтагдашгүй хэлийг тунхагласан билээ.

..Буто бол харанхуйн бүжиг, ухамсаргүйн мөнхийн эрэл, бүжиг хийгээд театрын хослохуй,  төсөөлөл хийгээд сүүдрийн хаант улс.. 
Буто бол чимээ аниргүйн хашхираан..

No comments:

Post a Comment