Monday, March 18, 2013


Мишима Юкио
Ханжо[1]

Дүрүүд
Ханако, галзуурсан бүсгүй
Жицүко, ганц бие эмэгтэй
Ёшио, залуу хархүү

Жицүкогийн ажлын өрөө. Намар цаг. Үдээс үдшийн бүрий хүртэл. Өрөө аялалд бэлдсэн шинжтэй, эмх замбараагүй байна. Жицүко буйдан дээр суун сонин уншина. Тэр сонингоо буулган тэсч ядсан байдалтай өндийх авч, эргэн сууж үргэлжлүүлэн уншина.

Үзэгдэл 1. (Жицүко)

Жицүко (өөртөө хэлнэ): Миний өнгөрүүлсэн бүх зүйлс улам бүр утгагүй, хоосон болж байна. Би энэ сонинг өөдөс болтол нь юу ч үгүй урчихмаар байна. Гэлээ гээд сайн зүйлд хүрэхгүй. Үгүй, миний хийж чадах цор ганц зүйл бол өөр хэн нэгэнд энэ зүйл тохиолдсон мэт, хэн нэгний дүрээр энэ сонинг унших явдал. Яг л эцэг нь гэр бүлийнхээ аз жаргалын төлөө бүхнээ зориулсан, эх нь ертөнцөд нөхрөөсөө өөр эр хүн үгүй гэдэгт итгэсэн нэгэн гэр бүлийн азтай охин оройн хоолны дараа гэрийнхнээ зугаацуулах гэж уншиж буй мэт. Хотын хамгийн чинээлэг өглөгч эцэг, хайрт эх нь охиныхоо зургийн дугуйлангийн мөнгийг одоо болтол өгдөг, охин нь болох тэр л дөч хүрсэн ганц бие эмэгтэй энэ өгүүлэлийг унших гэж байна.


(Тэр уншиж эхлэнэ) Галзуурсан бүсгүйн эмгэнэлт хайр. Инокашира өртөөн дээрх хуучны хайрын түүх.. Нартай, бороотойн алинд ч өртөөний хүлээлгийн сандал дээр суух гартаа дэвүүр атгасан ухаан нь самуурсан үзэсгэлэнт залуу бүсгүй. Тэр өртөөн дээрх бүх эр хүний нүүр өөд ширтэх авч, тухай бүрийд сэтгэл гонсойсон байдалтай сандал дээрээ эргэн ирнэ. Сурвалжлагчийн асуултанд тэрээр, энэ бол Ханжогийн дэвүүр хэмээн хариулжээ. Хүлээлгийн танхимд дэвүүр солилцсон залуу түүнд ахин уулзах болно хэмээн амлаж. Галзуурсан бүсгүй залуугийн дэвүүрийг цасны зураг дүрслэгдсэн хэсгээр нь атган сууна. Бүсгүйн сарны цэцэгс дүрслэгдсэн дэвүүр итгэл үл даагч залууд байгаа аж. Тэр бүсгүйн нэрийг Ханако гэдэг ба тэрээр уран бүтээлч эмэгтэй болох Хонда Жицүкогийнд, Х гудамжинд амьдарч байгаа аж.

Хатагтай Хонда Жицүко гэв үү? Миний хийсэн бүхэн халих гэж буй ус шиг л байна. Ханакогийн зургийг үзэсгэлэнд дэлгэх нь түүнийг бусдад харуулахгүй л байхтай адил ямар ч утгагүй. Хэрэв зээ түүнийг зурсан зургаа үзүүллээ гэхэд магад түрүүлэн, шагнал авч болох ч Ханаког мэддэг болсноосоо хойш би хэзээ ч дотор нь өөрийгөө багтаадаггүй, гологдсон зургуудаа үзэсгэлэнд явуулах болсон юм. Гэвч энэ бүхэн юуны ч тулд биш. Зөвхөн Ханако миний гарыг хэзээ ч тавихгүй хэмээн бодсон.  Харин энэ явуулга бол – (өөрийн мэдэлгүйгээр сонинг цасны ширхэг мэт жижиг хэсгүүд болгон хайчлана.)
Хэзээ нэгэн цагт ийм зүйл болохыг би мэдэж байсан. Гэвч би Ханаког уяад байж болохгүй. Хэрвээ би түүнийг өөртөө уялаа гэхэд, магад түүний амьдрал шавьж цуглуулагчийн саванд орсон хүрэлзгэнэ шиг удаан хугацааны турш гундуу байх биз. Гэвч надад үүнээс өөр сонголт алга.
Мөдхөн эсхүл хожим ухаан самуурсан үзэсгэлэн гоо бүсгүйн тухай амнаас ам дамжсан яриа дэлгэрч, итгэл эвдэгч тэр нэгний сонорт хүрнэ. (өөрийгөө хянаж дийлэхгүй байна.) Хийх ёстой ганц зүйл гэвэл түүнийг дагуулж аялалд гарах. Олны хэл намжтал эндээс аль болох  үтэр түргэн холдох хэрэгтэй. Зөвхөн тэр бид хоёр. Тэгэж гэмээнэ тэр өрөвдөх сэтгэлгүй эрээс ахин эмээх шаардлаггүй болно. Гагц түүний бардам зан л Ханаког хайхад хүргэхгүй бол..
Бид өнөө орой явна. Өөр юу ч болох учиргүй. Зөвхөн тэр бид хоёр, хаа нэгтээ алс руу. Хэрэв бид баригдвал (инээнэ), намайг үхтэл хэзээ ч тийм зүйл болохгүй.
Тийм ээ, үүнээс өөр арга байхгүй.
(тэр аялалд бэлтгэж эхлэнэ)

Үзэгдэл 2. (Ханако, Жицүко)

  Жицүко (тайван харагдахыг хичээнэ) : Өө, чи ирчихээ юу?
(Ханако орж ирнэ. Дэндүү үзэсгэлэнтэй, нүүрээ хэтэрхий гэмээр будсан, бага зэрэг халтартсан гоёмсог даашинз өмссөн байна. Цээжиндээ цасны дүрслэлтэй том дэвүүр дэлгэн барьжээ.)
Ханако: Би хаалгаа нээлттэй орхивол, болно биз дээ? Хэрэв Ёшио эргэн ирвэл тэр шууд орж ирж чадна.
  Жицүко: Тэг дээ, онгорхой үлдээ. Гэхдээ одоо өвөл болж байна шүү дээ.
Ханако: Намар болж байна, үгүй гэж үү? Намрын дэвүүр, намрын дэвүүр, намарт л зориулсан дэвүүр. (тэр уйлж эхлэв.)
  Жицүко (Ханакогийн мөрөн дээр гараа тавин): Уйлах хэрэггүй. Ёшио нэг өдөр л заавал ирнэ.
Ханако: Өнөөдөр би өртөөн дээр ахиад л хүлээсэн. Бүх л өдөржин, бүх л өдөржин. Би бүхий л амьдралаа түүнийг хүлээхэд зориулах нь шиг байна. Галт тэрэгнээс буух хүн бүрийн төрхийг харах авч хэнийх ч түүнтэй адилгүй юм. Ёшиогоос өөр амьлаг царайтай хүн үгүй. Түүнээс бусад бүх эрийн төрх үхмэл. Тэдний царай хохимой шиг л харагддаг. Хичнээн олон хүн толгойныхоо оронд хохимойтой, гартаа цүнх атгасаар өртөөгөөр явдаг гээч. Би үнэхээр ядарч байна. Жицүко, өнөөдөр ч бас өдөржин хүлээлээ.
  Жицүко: Би хэзээ ч, юуг ч хүлээж байсангүй.
Ханако: Энэ чамд ямар ч хамаагүй. Учир нь чамд хүлээх шаардлага байхгүй. Гэвч зарим хүмүүс хүлээх хэрэгтэй байдаг юм. Миний бие хүлээлтээр дүүрсэн. Үдшийн бүгий сарны цэцэгстэй хамт түгэн, үүр цайж өглөөний гэгээ угтахуйд ч би хүлээсээр байдаг. Яг л нарсны мод шиг. Бие минь нарсны өргөсөөр дүүрч байна.Тэд хүний амьдрал эцэс төгсгөлгүй хүлээлт гэдэг бус уу? Хэрэв чи өөрийн бүхий л амьдралаа хүлээхэд зориулвал, юу болж хувирах бол? (тэр өөр лүүгээ заана.) Энэ миний бие мөн гэж үү? Би салхивч, үүдээ дэлгээтэй орхисон уу? (тэр хаалга руу заана.) Яг л тэр хаалга шиг... Хэзээ ч унталгүйгээр амьдарч чадах болов уу? Эсхүл би ер нойрсдоггүй хүүхэлдэй юм уу?
  Жицүко: Чи үзэсгэлэн төгс. Би энэ ертөнцөд чамаас илүү үзэсгэлэнтэй нэгэн байна гэж төсөөлөхгүй. Бүх хүн хэтэрхий олон цонхыг өөртөө нээдэг. Тэд ингэснээрээ агаарыг илүү амьсгалж байна гэж боддог. Үнэндээ төдий хэмжээгээр алдаж байдгаа мэдэхгүй. Харин чамд бүх ертөнц урсан орох ганц л цонх байдаг. Чи энэ ертөнцийн хамгийн баян хүн.
Ханако(огт сонсохгүй): Өнөөдөр ч бас, би модон сандал дээр өдөржин хүлээсэн. Тэр сандал хичнээн хатуу байсан гээч. Би түүнийг зөөлхөн өвсөн дээр хүлээхээр шийдсэн. Тэр ирэх үед намайг өндийн босоход, “өө, чиний минь даашинзан дээр өвс наалдчихсан байна” гээд даашинзыг минь гөвнө.
  Жицүко: Би нүцгэн байхыг чинь харах дуртай. Өөр ямар ч тайчсан зураглал чинийх шиг ариун бус. Чиний хөх, чиний хэвлий, чиний ташаа.. Энэ бүхэн хүлээлтээс л болсон.
Ханако: Чи юу гэсэн бэ?
  Жицүко: Учир нь чи хүлээнгээ хорвоогийн бүхий л гоо үзэсгэлэнг өөртөө цогцлоож ирсэн. Нэг л өглөө өөрийн зүрхийг хаа нэгтээ гээчихсэн эмэгтэй.. нарны туяа чам дээр тусахуйд яг л ямарваа нэгэн эрдэнэс адил гялтнадаг. Ямар ч эр чамайг ялан дийлэхгүй, чи хүлээлтээрээ бүхнийг ялсан.
Ханако(огт сонсохгүй): Хавар, зун, намар.. аль нь түрүүлж ирдэг вэ? зун уу эсхүл намар уу? Хэрэв  энэ дэвүүр дэргэд минь амилвал, зун ирсэн гэсэн үг үү? (дэвүүрээр тоглоно, нээж хаана.) Яг одоо дэвүүр дээр бударч буй цас гэнэт хайлчихвал би хичнээн их баярлах вэ! (дэвүүрээ хаана.)
  Жицүко: Ханако, хамтдаа аялалд гарцгаая!
Ханако (нүүрээ огцом таглан) : Яах гэж? Яах гэж?
  Жицүко: Бид Ёшиог хайна. Яагаад бид эндээс аль болох хурдан явж болохгүй гэж, магад өнөө орой? Чи энэ маягаар хүлээгээд түүнийг хэзээ ч олохгүй. Бүх Япон даяар түүнийг эрье. Тосгоноос тосгон хүртэл, хотоос хот хүртэл.. зөвхөн чи бид хоёр.. хичнээн сайхныг төсөөлөөд үз л дээ. Мөд навчис өнгөө солих улирал ирнэ. Уулс хүрэн улаан өнгөнд хувирна. Намрын өнгө цонхигор төрхийг чинь хичнээн амьтай болгохыг хармаар байна.Би бүх зүрх сэтгэлээсээ түүнийг хайна. Галт тэргэнд суух залуу эр бүрээс Ёшио мөн эсэхийг асууна.
Ханако: Үгүй..үгүй..
  Жицүко: Чи яагаад явахыг хүсэхгүй байгаа юм бэ?
Ханако: Энэ ямар нэг зүйлээс зугатаж байгаа мэт биш гэж үү?
  Жицүко: Зугатах аа?
Ханако: Яагаад гэвэл чи хүлээдэггүй. Яагаад гэвэл чи хэзээ ч хүлээж үзээгүй хүн. Хүлээдэггүй хүмүүс л зугатдаг юм. Би эндээ үлдсэн нь дээр. Ахин чиний хэлэх нэг ч үгийг сонсмооргүй байна. Битгий уурла л даа, тэгэх үү? Хэрэв би энэ хотоос хаашаа ч гаралгүй үлдэж чадвал, тэр ахин ирэх болно. Гэтэл чи намайг чирч явах гээд байна...(тэр шалан дээрх сонингийн өөдсүүдийг олж харна.) Энэ юу вэ?
  Жицүко (саад болж): Юу ч биш.
Ханако: Энэ чинь цас байна! Би итгэлтэй байна. Халтартсан цас.. (хэсэг хором тэр цааснуудыг дээш цацаж, эргэн тойронгүй тараана.) Хар даа! Цас орж байна. (түүний өвчин сэдрэх үест улам бүр дур булаам болж байна.) Цас орж байна, өвөл хэдийн ирчихсэн. Бид ямар ч аялалд гарах хэрэггүй. Зүгээр л намар аялалд явсан мэт жүжиглэцгээсэн. Харин одоо өвөл.
  Жицүко: Үгүй, ингэлээ гээд ямар ч нэмэргүй. Ханако, бид явах ёстой.
Ханако: Үгүй, үгүй.
 Жицүко: Чи ойлгохгүй байна уу? (тэр Ханаког сандал руу түлхэн, түүн рүү ойртон ятгахыг хичээсэн өнгөөр ярина.) Чи хангалттай удаан хүлээсэн. Чи ийн хүлээхдээ улам бүр гоо үзэсгэлэнг олж, чиний эр дахин ирвэл хэзээ ч чамайг орхихооргүй болсон. Ойлгохгүй байна гэж үү? Чи түүнийг хүлээхээ болиод хайх хэрэгтэй.
Ханако: Үгүй, би эндээс хаашаа ч явахгүй. Би насан туршдаа хаашаа ч явахгүй. Хорвоо хэтэрхий уудам, би хичнээн хайсан ч түүнийг олохгүй. Харин аль чадахаараа энд хүлээвэл тэр намайг хайсаар ирнэ. Хэзээд хөдлөдөггүй од, харваж буй одтой уулзана.
  Жицүко: Хэрэв тэр ч бас ер хөдлөхгүй, хүлээсээр байвал яах юм?
 Ханако:Чи эр хүнийг мэдэхгүй байна.
  Жицүко: Ханако, битгий утгагүй зүйл ярь, чамаас гуйя.
Ханако: Хичнээн их ядрана вэ.Чи хичнээн их ядардагыг минь мэдэхгүй тийм үү, Жицүко? Өдөр бүр би хатуу сандал дээр суун түүнийг хүлээдэг. Тэр өдрийн маргааш ч. Би ядарч байна. Магадгүй тэгэж харагддаггүй л байх. Би гэрэлтсэн, том оо сарнай шиг л байхыг хүсдэг. Гэвч би үнэхээр ядарч байна. Магадгүй хэсэгхэн амрах хэрэгтэй. Надад жижигхэн дэрэн дээр толгойгоо тавиад ганц, хоёр цаг унтахад л хангалттай. Яг л өдрөөс өдрийг л хүлээнгээ унтах бяцхан арал мэт, тэнгисээс холгүйхэн усан боомттой, далбайт завьнууд эрэг дээр зогсож, эргийн тэртээ тув тунгалаг шунх улаан нар мандана. Шөнө болж, саран авхай гийсэн ч, нар мандсаар байна.Тэр арал дээр ямар ч цаг хэрэггүй. Өнөөдөр би цагаа хаячихсан.
  Жицүко(гунигтайгаар): Яагаад ?
Ханако: Галт тэрэг ахин хэзээ ч хөдлөхгүй.
(Ханако гарч одно. Жицүко зогсоо чигтээ хэсэг байв. Тэр сонингийн өөдсүүд рүү хэсэг ширтсэнээ хаман авч, хаалганы зүг шүүрдэнэ. Тэр хогоо гарган хаятлаа үүдний дэргэд нэгэн эрэгтэйг зогсож буйг мэдсэнгүй.)

Үзэгдэл 3. (Ёшио, Жицүко)

Жицүко: Хэн бэ?
  Ёшио: Ханако байна уу?
Жицүко(өөрийгөө цэгцлэн): Энд тийм нэртэй хүн байхгүй.
 Ёшио: Би түүнийг энд байгаа гэдэгт итгэлтэй байна. (халааснаасаа сонин гаргаж ирнэӨглөөний сониноос түүний талаар уншсан юм.
Жицүко: Сонинд бас л эндүү мэдээ гарсан байх.
  Ёшио (урагш нэг алхам дөхөн): Гуйя, намайг Ханакотой уулзуулаач,
Жицүко(аль хэдийн гадарласан ч асуулаа): Өөрөө хэн билээ?
  Ёшио: Хэрэв та Ёшио ирсэн гэж түүнд хэлвэл, тэр хэн гэдгийг минь мэднэ.
Жицүко: Энэ нэрийг би эртнээс мэднэ. Хэзээд таагүй сонсогддог үзэн ядалт төрүүлсэн нэр.
  (Ёшио чимээгүй зогсоно)
Жицүко: Юуны өмнө чамайг жинхэнэ Ёшио мөн эсэхийг мэдэх арга байхгүй.
  Ёшио: Эргэлзэж байгаа бол үүнийг хар л даа. Энэ түүний сарны цэцэгстэй дэвүүр.
Жицүко: Хаанаас энийг олсон чинь сонин байна.
  Ёшио: Би таныг иймэрхүү зүйл ч хэлнэ гэж гадарласан юм. Одоо хэрэв та дургүйцэхгүй бол намайг түүн дээр оруулаад өгөөч..
Жицүко: Чи сонинг гарчиглангуутаа тэр даруй эмгэнэлт хайрын баатар болохоор яарсан байх тийм үү? Гурван жилийн өмнө хаясан тэр л эмэгтэй лүүгээ.
  Ёшио: Би юмыг амжуулах тал дээр маруухан гэдгээ мэднэ. Гэхдээ бараг жилийн өмнөөс л арай гэж завтай болоод өнөө хотод очсон. Тэр даанч байгаагүй. Хүмүүс түүнийг ухаан нь самуурсны дараа гейша нарын дунд ахин үзэгдэхээ больсон талаар, нэгэн уран бүтээлч эмэгтэй Токио рүү дагуулан явсан талаар хэлсэн. Миний олж мэдсэн ганц л зүйл бол энэ. Тэр уран бүтээлч эмэгтэй та тийм үү?
Жицүко: Тийм ээ, тэр бол би. Дөчин насыг ганц биеэрээ үзэж буй зураач. Би тэр хот руу жил хагасын өмнө хэдэн таталбар хийхээр очсон юм. Миний уригдаж очсон зоогийн газарт гейша нар түүний тухай ярьж байсан. Тэд хэлэхдээ, нэг зун Токиогоос ирсэн залуухан үйлчлүүлэгчтэй бүсгүй  уулзсан. Залуу эр эргэн ирэх амлалт өгөхдөө түүний дэвүүрийг сольиод авч явсан аж. Өдөр бүр бүсгүй дэвүүрийг ширтэн залуугийн талаар бодсоор нэг л мэдэхэд өдөр хоногуудыг түүнийг хүлээн өнгөрүүлдэг болж. Тэр үйлчлүүлэгчдэд үзүүлбэр үзүүлэхээ больж, хөөрхийлөлтэй залуу хатагтай өөрийн ухаанаа алдаж эхлэсэн. Би энэ түүхийг сонсуутаа л түүнтэй уулзуулж өгөхийг гуйсан. Тэр өрөөнд яг л харанхуй гянданд байгаа мэт суучихсан, харц нь гунигт автсан, жижигхээн цагаан гарандаа дэвүүрээ тас атгачихсан, намайг орохыг ч огт анзаарахгүй байсан. Ярьж эхлэмэгц минь л тэр царайгаа үл мэдэг өндийлгөсөн. Сарны дугариг хүрээ мэт гэнэн хонгор гоо үзэсгэлэн. Би анхны харцаар л дурласан. Би тэр даруй Ханакогийн гэрээг хийн Токио руу дагуулан явсан. Яг тэр мөчид би дахин тэр өөдгүй эрд  хэзээ ч түүнийг өгөхгүй хэмээн өөртөө тангарагласан.
  Ёшио:  Тэгвэл жил хагасаар тооцон, түүнийг асарч байсан хөлсийг би төлье.
Жицүко: Эелдэг занд чинь талархавч би хүлээж авч чадахгүй нь, харин чи зүгээр л явчихвал чиний нэгээхэн хэсгийг би хараад байж чадна.
 Ёшио: Тэгэхээр та надад түүнийг харуулахгүй нь ээ.. Өөрөөр хэлбэл, түүний аз жаргал таны хүсэлтэй огт хамаагүй.
Жицүко: Миний хүсэж буй зүйл түүнийхтэй ив ижил. Тэр жаргалтай байхаар хүсэн тэмүүлдэггүй.
 Ёшио (жуумалзан инээмсэглэн): Тэгэхээр, би энд түүнийг дахин жаргалгүй болгохоор ирсэн болж таарах нь..
Жицүко: Түүний уйтгар гуниглал төгс бөгөөд үзэсгэлэнтэй. Хэн ч түүний гуниглалтай эн дүйхгүй.
  Ёшио: Тэгвэл түүнийг харахад минь айх зүйл байхгүй байх нь.
Жицүко: Айх аа? Би өөрийн жаргалыг үнэлэн авсан.
  Ёшио: Эцэст нь одоо л нэг үнэнээ хэлж байх шив.
Жицүко: Чи миний үнэлэсэн аз жаргалын талаар ямар ч төсөөлөлгүй байна. Би хүүхэд байхаасаа л хэзээ ч хэнийг ч хайрлаж байгаагүй. Юуг ч хүлээж байсангүй. Өдийг хүртэл үргэлж ганцаараа байсаар ирсэн эмэгтэй. Хамгийн аймшигтай нь, зол таарч хэн нэгэн надад дурлалаа гэхэд эргүүлээд үзэн ядна гэдгээ мэддэг байсан юм. Нэг ч эрд би өөрийгөө хайрлуулахыг зөвшөөрөөгүй... Энэ л миний насан туршийн мөрөөдлийн эхлэл болсон- өөрт минь бус хэн нэгэнд гүн гэгч нь дурласан, нэгнийг дэргэдээ байлгах. Чи юу гэж бодож байна? Бүхнээс үзэсгэлэн төгс нэгэн миний гэрт, миний хайрын хэрэгггүйгээр хамт байх. Хэдий чинээ түүний хайр шаналана, тэр хирээр зүрх нь минийх болно.
  Ёшио: Энэ тэгээд таны хувьд хамгийн зөв алхам юм биз дээ?
Жицүко: Тийм.
  Ёшио: Хайрлаж чаддаггүй хүмүүс янз бүрийн харгис зүйл бодож эхлэдэг. Үгүй гэж үү?
Жицүко: Бүх хайр харгис, бас ямар ч дүрэмгүй. Зовлон шаналалгүй хайр ч нэгэн цагт ялгаагүй харгис төрхийг олно. Өглөө бүрийн нарны туяа түүний унтарч буй хүслийг хэрхэн дөл болгохыг би харах дуртай. Гэвч миний итгэл алдарна гэж битгий найдаарай.
  Ёшио: Бид хоёр хайрын өрсөлдөгчид болох нь тодорхой боллоо. Тэгэхээр, та түүнд юу өгч чадна гэж? Итгэл үү? Нэрийг минь барьж түүнийг хуурах уу? Энэ хэнд ч ойлгомжтой. Харин би түүнд бүх дэлхийг бэлэглэж чадна.
Жицүко: Чи худал хэлж байна. Чиний хийж чадах зүйл бол түүний гэсэн бүгдийг хулгайлах. Түүний ертөнц хэсэг хэсгээр бутран бүхэлдээ чамд уягдаж эхлэнэ. Хичнээн тэнэг хэрэг! түүнээс ч илүүтэй хичнээн хуурмаг эр нөхөр..
  Ёшио: Тэр л магадгүй миний хийж чадах зүйл. Гэхдээ та өөрөө ч оролдож үзээгүй байж ингэж хэлж болохгүй.
Жицүко: Би түүнийг ийм алхам хийгээсэй гэж хүсэхгүй байна. Тэр ямар ч өө сэвгүй, хатуу чанд эрдэнэ.Солиорсон эрдэнэ. Хаа нэгтээ чамд тохирох бул чулуу байж л таараа.
  Ёшио: Ний нуугүй хэл. Та түүнийг намайг харах вий гэхээс эмээж байна.
Жицүко: Чи хайрлуулж чадалгүй орхигдох, ганцаардсан эмэгтэйн сэтгэлийг ойлгож чадна гэж үү? Чи хэзээ ч ганцаардаж үзээгүй хүн гэдэг нь тодорхой байна.
  Ёшио: Одоо болно, намайг Ханако руу оруул.
Жицүко: Багахан тусын тулд дуугаа намсага.
  Ёшио: Хэрвээ та намайг түүн рүү оруулахгүй бол, би өөрөө орчихож чадна.
Жицүко: Залуу нас, тачаал- халаасандаа бүрэн хэрэгсэл, зүрхэндээ итгэл тээж чадвал ямар ч хаалгыг төвөггүй нээж чадна. Гэхдээ минийхийг л биш. Энэ аялалд бэлдсэн бүхнийг хар. Надад чамаас аль болох холдож, түүнийг дагуулж явах санаа төрсөн юм.
  Ёшио: Та сая Ханако хамт явахыг зөвшөөрсөн гэв үү?
Жицүко: Үгүй. Тэр намайг ятгах оролдлого хийж байгаад хэсэг дуг хийхээр явсан.
Ёшио: Түүний оюун ухаан одоо ч саруул байна.
Жицүко: Үгүй, энэ түүний галзуурлын тэмдэг.
  Ёшио: Таныг түүний өвчнийг сэдрээхийн тулд чадах бүхнээ хийж байгаа гэдэгт итгэлтэй байна. Үүнийг хийх л магад өөрт чинь тохирох биз.
Жицүко: Би Ханаког ухаан самуурснаас нь хойш л мэднэ. Яг л тэр үгээр хэлшгүй үзэсгэлэнтэй болсон тэр үеэс. Тэр улиг болсон мөрөөдлөөсөө одоо л холдож эхлэж байна. Тэр этгээд эрдэнэ, улам бүр эрүүлжин цэвэр эрдэнэд хувирч буйг чи ойлгохгүй.
  Ёшио: Хүссэн бүхнээ ярь, эл бүгдийн эхлэл бол түүний мөрөөдөл.
Жицүко: Эхлэл ээ! Миний дургүй зүйлсийг бодоход битгий хүргээч.
  Ёшио: Би таныг юуны ч талаар бодоход хүргэхгүй.
Жицүко (гэнэт өөрийгөө хүчлэн): Гуйя, энэ удаа л явчих.
  Ёшио: Энэ бүхний дараа ямар гээчийн санал ирэх нь энэ вэ?
Жицүко: Би айж байна. Айж байна.
  Ёшио: Таныг тэгэж байгааг гадарласан юм.
Жицүко: Түүний ухамсар эргээд хэвийн болно гэж найдах л үлдсэн.
  Ёшио:Таны дэргэд ямар ч солиотон эрүүл.
Жицүко: Хэрэв тэр надаас холдон, бүр мөсөн орхивол..
  Ёшио: Би тэрийг чинь л хийх болно.
Жицүко: Би үхнэ.
  Ёшио: Үхэх ээ?  Энэ ч Ханаког баярлуулахгүй л байх. Хэрэв би яг одоо үхчихвэл..
Жицүко: Чи Ханаког уй гашуудан, шанална гэж бодоо юу. Үгүй дээ, гагц тэр л чиний хувьд түүний төлөө хийж чадах хамгийн сайн зүйл. Гуйя, үхээд өг. Чиний үхэл түүний амьдрах шалтгаан болно.
  Ёшио: Таны амьдрах шалтгаан тэгээд юу юм? Хэрэггүй, баярлалаа.(тэр унтлагын өрөө рүү зүглэв.)
Жицүко: Битгий тийшээ яв!
  Ёшио: Ханако, би ирлээ!
Жицүко: Эндээс яв, гуйя. Зөвхөн намайг алсаны дараа л.
  Ёшио: Ханако!  Ханако!  
Жицүко(өмнө нь сөхрөн): Яваад өг, яваад өг.
 Ёшио (түүнийг өөрөөсөө эвтэйхэн холдуулан): Ханако! Энэ чиний дэвүүр. Сарны цэцэгстэй дэвүүр. (тэр дэвүүрийг дэлгэн, унтлагын өрөө рүү орчихов.)    
Жицүко: Аа! (тэр нүүрээ таглан шалан дээр дагжин чичрэнэ.)
(Унтлагын өрөөний хаалга онгойн Ханако үзэгдэнэ.Тэр энгэртээ цасны зурагтай дэвүүр атгачихсан байна.)

Үзэгдэл 4. (Ханако, Ёшио, Жицүко)

(Чимээгүй байдал ноёлоно. Ханако Ёшио руу алгуурхан дөхөнө.)
Ёшио: Би Ёшио байна. Би л чамайг ийн удаан хүлээлгэсэн. Намайг өршөө, Ханако. Би чиний дэвүүрийг сайн хадгалсан.
  Ханако: Миний... дэвүүр..
Ёшио: Тийм ээ, дээрээ сарны цэцэгстэй. Харин энэ цасны дүрслэлтэй нь миний дэвүүр.
  Ханако: Миний дэвүүр.. чиний дэвүүр. Энэ дэвүүрэнд юу тохиолдоо вэ? эсхүл чи дэвүүр хайгаа юм уу?
Ёшио: Үгүй, энэ чамд. Ханакод.
  Ханако: Би.. дэвүүр..
Ёшио: Намайг ойлгож байна уу? Ханако! (тэр Ханокогийн мөрөн дээр гараа тавин сэгсрэнэ. Тэр үед эргэн хэвийн байдалдаа орсон Жицүко тэднийг ажиглан зогсоно.)
  Ханако: Ёшио?
Ёшио: Тийм ээ, би Ёшио байна.
  Ханако (нилээдгүй дуугаа хурааж, үл мэдэг толгойгоо сэжлэн): Үгүй ээ, чи биш. Чи биш.
Ёшио: Чи юу хэлнэ вэ Ханако? намайг мартчихсан хэрэг үү?
  Ханако: Чи түүнтэй адилхан байна л даа. Яг л түүний царай шиг, миний зүүдэндээ хардаг тэр л царай шиг.  Гэхдээ чинийх өөр. Ёшиогоос өөр бүх эр хүний царай үхмэл. Түүнийх л амьтай. Чи Ёшио биш. Чиний царай хэдийн үхчихсэн байна.
Ёшио: Юу!
  Ханако: Чи ч бас хохимой. Чиний царай тэр чигтээ яс. Яагаад чи над руу ясан дундах хөндий нүдээрээ ширтээд байгаа юм?
 Ёшио: Сайн хар. Намайг сайн хар л даа.
  Ханако: Би харсаар л байна. Би чамаас ч илүү харж байна (Жицүкод хандан хэлнэ.) Жицүко, чи аялалд намайг авч явахын тулд хуурч байна уу? Чи энэ хачин хүнд өөрийгөө Ёшио гэж хэл гэсэн үү? Миний өнөөдөр, маргааш тэрний дараах өдрүүдэд ч хүлээх тэр л санаанаас минь холдуулахыг хүсээ юу? Би бууж өгөхгүй. Би үүнээс ч удаан хүлээнэ. Би өөрт байх бүх хүчээрээ олон, бүр олон жил хүлээнэ. Би амьд. Тиймдээ ч би үхсэн эрийн төрхийг хэлж чадна.
Жицүко(Ёшиод эелдэгээр): Танаас явахыг хүсье, та чадах бүхнээ хийсэн.
Ёшио(тэвчээр алдсан байдлаар): Ханако!  
(Ханако эргэж харалгүй алхсаар зөөлөн сандал дээр очин үзэгчид рүү харан сууна. Ёшио түүнийг ширтэнэ. Хэсэг хугацааны чимээгүй байдал. Ёшио тэндээс огцом гүйн гарна.)

Үзэгдэл 5. (Жицүко, Ханако хоёр)

Ханако: Нааш ир.
 Жицүко: За.
(гадаа бүрэнхий болж эхлэнэ.)
Ханако: Үдэш болчихож, тийм үү?
 Жицүко: Тийм ээ.
Ханако: Үдэш болж, өглөөний наран мандахад тахиа донгоддог , үгүй гэж үү? өнөөх ямар ч цаг хэрэггүй арал дээр.
 Жицүко: Тийм ээ.
Ханако: Жицүко, яагаад бид аялалд явах хэрэгтэй юм бэ?
 Жицүко: Бид одоо хаашаа ч явахгүй. Эндээ байнга байх болно.
Ханако: Нээрээ юу? Өө, би хичнээн их баярлаж байна гээч.. Жицүко.
 Жицүко: За?
Ханако: Түрүүний энд ирсэн эрэгтэй. Тэр хэн юм бэ?
 Жицүко: Хэн нэгэн ирсэн гэж үү?
Ханако: Тийм ээ, би итгэлтэй байна. Тэр нэг ажлаар ирсэн санагдаж байна.
 Жицүко: Тийм байх нь.
Ханако: Тэр юу ч юм чанга дуугаар хэлээд байсан. Би чанга дуутай хүмүүсийг үзэн яддаг.
 Жицүко: Би ч дургүй ээ.
Ханако(дэвүүрээ гарган тоглоно): Энэ чинь л хүлээлт. Хүлээлт, хүлээлт.. удалгүй өдөр дуусна.
 Жицүко: Чи хүлээнэ. Би хэнийг ч, юуг ч хүлээж байгаагүй.
Ханако: Би хүлээнэ.
 Жицүко: Би юуг ч хүлээж байгаагүй.
Ханако: Би хүлээнэ.. өнөөдөр ч бас харанхуй болчихлоо.
 Жицүко(нүд нь гэрэлтэн): Өө, амьдрал хичнээн сайхан бэ!




[1] Ханжо- Энэ нь  Юкио Мишима /1925- 1970/ -н 15-р зууны Но драмын хэв маягаас авсан хэд хэдэн дүрийн нэг юм. Тэрээр Зэами Мотокиё /1363- 1443/-н зохиолын нэр, зарим үйл явдлыг бүтээлдээ ашигласан. Уг зохиолд нь ахмад Ёшидо тосгоны дэн буудалд Ханако нэртэй залуухан куртизантай уулзах ба түүнд сэтгэл алдарна. Тэд хайрын тэмдэг болгон дэвүүрээ солилцоно. Ханако өөр ямар ч эрээс нүүр буруулан, хайраасаа болж ухаан нь самуурна.Ёшидо эргэн ирэхэд Ханако хэдийн явчихсан байв.Ёшидо түүнтэй уулзахын тулд Киотод байх хийдийг зорино.Ханакогийн ухаан саруулсч хайрт амрагууд дахин хамт байгаагаар зохиол дуусна.
Ханжо- эртний хятадын хааны удмын эмэгтэйн нэр ба түүний дэвүүр яруу найрагт ихээхэн дүрслэгддэг байжээ. ~Дональд Кин

No comments:

Post a Comment